Орхон голын 12 000 мөнгөлөг хэлтэг загас усжуулалтын сувагт орж хорогджээ

672

-“Норбу-агко” компанийнхан хогоо зориулалтын газарт хаяагүйгээс мал үхэв-
Сэлэнгэ аймгийн тариалангийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг, Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй “Норбу- агко” компанийнхны буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин, малчдад ихээхэн хэмжээний хохирол учраад байна.
Тодруулбал, тус аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутаг, Хуурай тохой гэх газарт улаан буудай, рапс зэргийг тарьдаг “Норбу-агко” ХХК-ийнхан Орхон голоос талбайгаа услах суваг татсан байдаг аж.
Гэвч тус компанийнхны хайхрамжгүй, хэнэггүй үйл ажиллагаанаас болж мөнгөлөг хэлтэг (Carassius gibelio) загас их хэмжээгээр үхсэнийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэлжээ. Орон нутгийн хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр хэргийн газарт үзлэг хийхэд “Норбу-агко” ХХК-ийнхны татсан тус сувагт 12 000 гаруй загас орж хорогдсоныг тогтоосон байна. Тухайн орчмоор эвгүй үнэр гараад байгаа талаар иргэд хууль, хяналтын байгууллагад мэдээлснээр ийнхүү загас олноороо хорогдсоныг илрүүлсэн юм гэнэ. Үхсэн загаснуудыг устгуулахаар холбогдох хууль, журмын дагуу Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлд шилжүүлсэн байна.
Arslan.mn
Шалгалтын явцад усжуулалтын системээ ашиглаагүй үедээ Орхон голоос ус татсан сувгаа хаах ёстой атал дээрх компанийн ажилтнууд үүргээ биелүүлээгүйгээс ийнхүү загас олноороо үхсэн нь тодорхой болсон гэнэ. Газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Норбу-агко” ХХК-ийнхны буруугаас болж загас хорогдоод зогсохгүй, мал ч үрэгдсэнийг эх сурвалжууд хэлж байна. Тус компанийнхан хэрэглэх боломжгүй рапсаа зориулалтын бус газарт хаясан аж. Түүнийг нь үхэр идсэнээс болж нэлээд хэд нь хордон үхжээ.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь хууль, хяналтын байгууллагынхнаас тодруулахад “Тус компанийнхан хаягдал рапсад хордож, ойр орчимд нь оршин суудаг иргэдийн үхэр, мал хордож үхсэн гэх хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 6.1-1 дэх хэсэгт заасан Хог хаягдлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр малчдад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Гэвч тус компанийн удирдлага эрх бүхий албан тушаалтны эл шийтгэврийг хүлээн авалгүй нэлээд хэд хонож байтал “Норбу-агко” компанийн усалгааны сувагт загас олноороо хорогдсон хэрэг гарлаа.
Өдгөө Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд заасан “Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. Тус компанийн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учирч байгаа тул гаргасан зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон. Өдгөө Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас хяналт тавьж байгаа” гэлээ.
Г.ОРЧЛОН
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn