Арц, хүж уугиулснаас түймэр гарсан байж болзошгүй: 7 га талбай шатжээ

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Майхан толгойн арын аманд аравдугаар сарын 13-нд шар өвсний түймэр гарч, долоон га талбай шатсан байна.
Урьдчилсан байдлаар ногоон бүсэд оршин суудаг иргэн ил задгай арц, хүж уугиулснаас гал алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Хавар, намрын хуурайшилтын үеэр ой, хээрийн түймэр богино хугацаанд тархаж, их хэмжээний талбайг хамрах эрсдэлтэй. Тиймээс ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины ишээ унтраалгүй хаях зэрэг үйлдлээс сэрэмжлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.
Иргэд санамсар болгоомжгүйгээс гал алдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд учирсан хохирлын хэмжээ, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой.
Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд галын аюулгүй байдлын шаардлага зөрчсөн иргэнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгохоор заажээ.