Францад 2,500 гаруй хүнийг баривчилжээ

5

Францын эрх баригчид Парис хотын төвийн зарим хэсэг болон бусад хотод шөнийн цагаар хөл хорио тогтоожээ. Парис хотын цагдаагийн газраас мэдээлснээр, жагсагчид цугларсан Бүгд найрамдах улсын талбай болон Лез-Аль худалдааны бүсэд орон нутгийн цагаар 23.00–06.00 цагийн хооронд хөл хорио тогтоосон аж. Мөн хотын төвийн хэд хэдэн хэсэгт зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулахыг хоригложээ. Марсель, Бордо, Ницца, Лион, Лилль зэрэг хотод ч хэсэгчилсэн хөл хорио тогтоож, залуусын хөдөлгөөн болон олон нийтийн цуглаанд хязгаарлалт тавьсан байна.
Өнгөрсөн сард оюутнууд сургуулийн орчин нөхцөлийг сайжруулахыг шаардаж өнгөрсөн сард жагсаал эхэлсэн. Явцдаа шатахууны үнийн өсөлт, амьжиргааны өртөг нэмэгдсэн, төрийн үйлчилгээ, тэр дундаа боловсролын салбарын нөхцөл доройтсоныг эсэргүүцсэн өргөн хүрээний хөдөлгөөн болон өргөжжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрчний эвлэлүүд болон бусад эсэргүүцлийн бүлгүүд нэгдсэнээр жагсагчдын тоо нэмэгдэж, нийт 550 мянга орчим хүн гудамжинд гарсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр, үймээн самуунтай холбоотойгоор 2,500 гаруй хүнийг баривчилсан. Мөн 1,000 орчим цагдаагийн алба хаагч гэмтжээ.
Түүчнлэн цагдаа нарын үймээн дарах зориулалттай шидсэн гранатад өртсөн нэг жагсагчийн гар тасарсан тухай Францын "AFP" агентлаг мэдээлсэн байна.
Даваа гаригт /2026.10.19/ болсон шуурхай хуралдааны дараа ерөнхий сайд Себастьян Лекорню орон нутгийн захиргааны удирдлагуудад шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтоох эрх олгосноо мэдэгджээ. Тэрбээр улс даяар онц байдал зарлах боломжийг үгүйсгээгүй. Мөн үймээн самууны улмаас хохирол амссан бүс нутгуудыг сэргээн босгоход зориулж санхүүжилт гаргахаа мэдэгдсэн байна. Гэхдээ уг зардлыг хохирол учруулсан этгээдүүдээр нөхөн төлүүлэх хууль эрх зүйн зохицуулалт боловсруулахаа онцолжээ.
Үүнээс гадна үймээн самуун, дээрэм тонуулын улмаас ажиллах боломжгүй болсон хүмүүст зориулсан ажилгүйдлийн тэтгэмжийн тусгай санхүүжилт гаргахаар болсон байна.
Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдээлснээр, мөрдөн шалгах 200 ажилтан хяналтын камерын бичлэгүүдэд дүн шинжилгээ хийж, үймээнийг зохион байгуулсан байж болзошгүй этгээдүүдийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Үймээн самууны үед бэлтгэл хангалтгүй байсан гэж сөрөг хүчний улстөрчид шүүмжилсний дараа Нуньес Ням гаригт огцрох хүсэлт гаргасан юм. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Эммануэль Макрон түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна. Харин Макрон хууль сахиулах байгууллагуудын бэлтгэл болон нөхцөл байдлыг урьдчилан тооцоолоход гарсан алдаа дутагдлыг ил тод тайлбарлахыг сайдад үүрэг болгожээ.
Францын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын тэргүүн Ален Ди Кресченцогийн мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдийн хүчирхийлэл, дээрэм тонуулын улмаас 2,000 гаруй дэлгүүр, аж ахуйн нэгж шууд хохирол амссан.
Учирсан хохирлыг хэдэн зуун сая еврогоор хэмжиж байгаа аж. Марсель хотын худалдаа эрхлэгчид бизнесээ цаашид үргэлжлүүлж чадах эсэхдээ санаа зовниж байгааг тус хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Жан-Люк Шовен "BBC"-д ярьжээ. Мөн дээрэмдсэн бараа бүтээгдэхүүнийг цахим худалдааны зарим платформоор дамжуулан худалдахаар байршуулсан байсныг Францын засгийн газрын хоёр сайд мэдээлсэн байна. Харин "Vinted"  платформын төлөөлөгч хулгайлсан эд зүйл худалдах, худалдахыг санал болгохыг хатуу хориглодог бөгөөд сэжигтэй заруудыг илрүүлж устгах хяналтаа нэмэгдүүлсэн гэж мэдэгджээ.
Үймээн самуун үргэлжилж буйтай холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ жагсаал болж буй газруудаас зайлсхийж, олон хүн цугларсан бүсэд ойр байгаа тохиолдолд болгоомжтой байхыг анхааруулсан байна. Хятад, Герман улс ч иргэддээ ижил төстэй сэрэмжлүүлэг гаргажээ.
Үүний зэрэгцээ эрх баригчид зүүний үзэл баримтлалтай “Францын үл захирагдагсад” намыг хүчирхийлэлд нөлөөлсөн байж болзошгүй гэж буруутгасан байна. Ерөнхий сайд Лекорню зарим бүлэг ирэх оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл улс оронд эмх замбараагүй байдал үүсгэхийг зорьж байна гэж мэдэгджээ. Харин тус намын удирдагч Жан-Люк Меланшон ерөнхий сайдыг буруутгалаа нотлох, эсвэл уучлал гуйж, эмх замбараагүй байдлыг өдөөхөө зогсоохыг шаардсан байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn