“Цавчаа ногоон”-ы өртгөөр хэдэн шинэ автобус авах боломж байсан бэ
Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд “Но”-той ногоон автобус үйлдвэрлэгчгүй тул буцаах боломжгүй болжээ” гэх мэдээлэл түгсэн. Үүнийг дагаад “Автобусгүй байхын оронд хямд үнээр худалдаж авъя” гэх давлагаа ч эхэллээ. Гэхдээ үүнийг хаанаас шидсэн чулуу болохыг иргэд гадарлахтайгаа хэрсүү болсон.
Зарласан тендер нь тодорхойгүй, шилжүүлсэн баримтгүй, үйлдвэрлэгч нар нь гэх хүмүүс Монголд ирж уучлал гуйсан байхад энэ хэрэг ингээд замхарна гэж үгүй. Сошиалын цаанаас хий орилсон монголчуудын тэмцэл бараг анх удаагаа ялалт байгуулж ногоон автобусыг буцаах хүртэл нь тэмцэж, хотын удирдлагуудыг хариуцлага хүлээлгэж, эхнээсээ хэргээ хүлээгээд эхэлсэн байна.
Тус бүр нь 400 сая төгрөгийн өртөгтэй, замасктай ногоон автобусны оронд ямар автобус худалдаж авах боломжтой байсан бэ. Иргэд ч өөрийн санаа бодлоо уралдуулаад, үнэ, чанар улсыг судлаад эхэлсэн.
Гэхдээ одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй хамгийн шилдэг автобусаар БНХАУ-ын “улаан” автобус тодроод байгаа. Тодруулбал, БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” буюу “Шимен голден драгон бас” үйлдвэрийн автобус. Тэгвэл үүний арай илүү сайжруулсан хувилбарыг авъя гэвэл Хятадын “Yutong” брэндээс авч болохоор байна. Дунджаар эл брэндийн нэг автобусны үнэ 300 орчим сая төгрөгийн өртөгтэй байна. Хотын өмнөх удирдлагууд 318 тэрбум төгрөгөөр 800 гаруй ногоон автобус авахаар төлөвлөснөөс эхний 100 нь орж ирсэн ч асуудал дагуулсан. Тэгвэл эл хөрөнгөөр дээр дурдсан Хятадын сүүлийн үеийн брэндийн автобуснаас 1000 гаруйг авах боломжтой байж. Ямартай ч хотын шинэ удирдлагууд өмнөх "цавчаа ногоон"-ы худалдан авалтыг бүрмөсөн цуцалж, 100 автобусыг буцаахаа мэдэгдсэн. Харин шинэ автобусны эрэлд гарсан бөгөөд худалдан авалтыг олон улсын тендер зарлаж, зохион байгуулахаар болжээ.