ХУУЛЬ “ЗӨРЧИЖ” СОНГУУЛЬ СУРТАЛЧЛАХ УЛСТӨРЧДИЙН УХУУЛГА

168

“Бүсчилсэн хөгжил”, “Бүтэн Ардчилал”, “Шинэ хоршоо”, “Хөдөөгийн  сэргэлт” нэрээр сонгуульд горилогчид сурталчилгаагаа хийж, сумдаар тойрч явна. Том жийп, торгон дээлээр ижилдсэн УИХ-ын гишүүд хаврын их ажлын цагаар сумын төвд малчдыг дуудаж, хороо дүүргийн ахмадуудыг хүртэл цуглуулаад сонгуулийн ухуулга хийж, өөрсдийнхөө баталсан хуулийг зөрчөөд улс төрийн пи-араа хийж яваа нь тэр.         

     Уг нь сонгуулийн сурталчилгааны хугацааг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж эхэлсэн өдрөөс хойш эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгана гээд цагаан дээр хараар биччихсэн хуулийн зохицуулалттай. Бүүр тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.1-Т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” хэмээн хуульчилсан нь бий.
      Харамсалтай нь, хууль сахиулагчид хуулийнхаа дээгүүр гишгээд өдөр, шөнөгүй цахим орчинд “өөрөгдөж” байна, өөрсдийгөө. Угтаа бол Засгийн газрын тайлан, УИХ-ын гишүүний ажлын тайлан, улс төрийн намууд бодлогоо танилцуулах  гэх нэрээр сонгогчдод өөрсдийгөө таниулах, сонгуулийн ажлаа хийж байгаа гэхэд хилсдэхээргүй байна.
    Угтаа улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаа зарлаагүй ч намаасаа горилох нь тодорхой болчихсон хэсэг нь тойргоо услах ажилдаа хэдийнээ орж, инээд алдчихсан замд таарсан хэнтэй байсан зургаа татуулахад бэлэн чих зөөлөнтэй гүйж яваа дүр зураг хаа сайгүй байх боллоо.
       Төрийн ордон эзгүйрч, хуулийн төслүүд ар араасаа хүлээгдэж байхад улстөрчид ухуулгын ажилдаа улайрчихсан өөрсдийгөө таниулах ажлаа хийгээд үнэндээ л завгүй явна.  Аль өнгөрсөн Сар шинийн баяраас хойш тойргоо услах гишүүд тэмдэг, шагнал гардуулахаас эхлээд сонгуулийн ухуулгаа хийж эхэлсэн  тэр. Хууль сахиулагчид хуулийнхаа дээгүүр алхаж байгаа тод жишээ энэ. Сайндаа ч биш л дээ тэд томсгосон тойргоор сонгууль явуулахаар хуульчилж, сурталчилгааны хугацаа нь 14 хоног болсоноор ухуулга сурталчилгаагаа эрт хийх гээд тайлан тавих цаг гаргаж байгаа бололтой.
      Нэг ёсондоо сонгогчдын саналд боловсоноор “нөлөөлж” шинэ улстөрчдийг хаалганы гадна үлдээж байгаагаас ялгагдах зүйл энд алга. Адаглаад улс төрийн тэгш гараанаас гарах боломжийг нь УИХ-д суугаа гишүүд, улс төрд суудалтай намууд түрүүлж хүртэж байна гэсэн үг. Цаашлаад байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа “тасалдаж”, хууль тогтоох байгууллагын ажил саатахад хүрлээ. Сүүлийн гурван долоо хоногт Байнгын хороодын ирц хүрэхгүй хуралдааны тов хойшлож, чуулганы хуралдаан ирцгүй шахам хуралдах болсон нь ч нууц биш.

       УИХ-ын гишүүдэд хууль батлаж, хүлээсэн үүргийнхээ дагуу төрд түмнээ төлөөлж, эрх зүйн орчинг сайжруулахаас илүүтэй хороо дүүрэг, сум суурингийн аж ахуйн ажилд оролцож, хашаа хайс засаж, барилга башин барьж явах нь юу юунаас илүү чухал байгаа бололтой. Тэр байтугай эхнээсээ хятад мотоцикл хөлөглөөд малчдын өмнөөс малд явахаас буцахааргүй байна тэд.

    Жил жилийн сонгуулийн өмнө бэлэн мөнгө тарааж, ард түмний чихэн дээр цэцэг ургуулдаг нь ч нууц биш. Өнгөрсөн жил Үндсэн хуулийг сурталдах гэж үсээ зулгаахаас наагуур байсан гишүүд энэ жил 1072 хувьцааны ногдол ашиг таарчихаад додигор гэгч нь сонгуулийн ухуулга хийж яваа угтаа бол өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа тавиас илүүтэй өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд ногоон гэрлээр батлуулсан хуулийн төслүүдээрэй түрүй барьж, амласан амлалтуудаа дараагийн дөрвөн жилд нь давтаж яваа нь ч нууц биш юм.
     Нэг ёсондоо эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Үндэсний аудитын газраас 73 хувийн биелэлтэй хэмээн дүгнэсэн ч үүнтэй санал нэгдэх хүн ч тун ховор байгаа нь нууц биш юм. Энэ хаврын чуулган үнэндээ л салан задгай болж байна. Тэр байтугай хуулийн хугацаандаа ч бүрэн хуралдахааргүйдээ хүрч байна. Ухаандаа хуулийн төсөл шагайгаад, тогтож суух гишүүн Төрийн ордонд алга.
       Ул боов ууттай, чихрээр хэдэн өндөр настнуудаа хуурдаг, ажил хийсэн мэтээр уртаас урт тайландаа үүнийг тусгадаг, хөгшин настайчуудаасаа санал горилдог ийм улстөрчдөөс улс орны хөгжил цэцэглэлт, бодлого төлөвлөлт горьдоод, хүлээгээд хэрэггүй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ.
       Уг нь өдийд настайчуудынхаа саналыг авсан улстөрчид ул боов тараахын оронд улс орныхоо хөгжил, иргэдийнхээ амьдрах орчныг нь сайжруулах ийм хуулийн төсөл санаачлаад, улс орныхоо төлөө хийсэн ажлын тань хариуд ийм тэтгэвэр тогтоох хууль боловсруулсан шүү гээд бодлого, төлөвлөлт яриад сууж байх байлаа. Гэвч одоогийн улстөрчдөөс манлайлал үзүүлэх гишүүн байхгүй гэдгийн баталгаа энэ байна даа.
    Цаашлаад хуулйн хугацаандаа сурталчилгаагаа хийдэггүй хууль сахиулагчдыг дахин сонгохгүй байх эрх ард түмний гарт байгааг ч энд сануулах нь зүйн хэрэг биз ээ.

https://ergelt.mn/news/44/single/44126
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn