УБТЗ | 15 хүнд их хэмжээний мөнгөн шагнал өгснийг шалгуулж, ажил хаяна
Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос өнөөдөр /2023.03.10/ "Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй хамтын маргаан үүсгэх, цаашлаад ажил хаялт зарлах тухай болон тус байгууллагын албан тушаалтнуудыг авлигын асуудалд холбоотой байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ.
Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Бид 2023 оны нэгдүгээр сараас эхлүүлээд Зам, тээвэр, хөгжлийн яам, Ерөнхий сайдад санал, шаардлагууд хүргүүлж байгаа ч хариу, түүнийг дагасан үйл ажиллагаа огт явагдсангүй. Засаг төр, яамд аливаа шаардлагад хариу өгөхдөө маш хойрго болсон байна. Энэ нь зайлшгүй хуулийн үр дагавраар асуудлаа тавихад хүргэж байна
Бид өнөөдөр ажил олгогчдоо хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх албан тоотоо хүргүүлчхээд ирлээ. Сонирхлын маргаан үүсгэнэ гэдэг нь үйлдвэрчний байгууллага албан ёсоор, хуулийн хүрээнд ажил хаялт зохион байгуулах эрх үүсэж байгаа юм. Тиймээс төмөр замчдын зүгээс ажил хаяхад бэлэн болж байгаагаа төрдөө мэдэгдэж байна" хэмээв.
Монголын Төмөр замчдын ҮЭХ-ны зүгээс ажил хаях болсон шалтгаанаа дараах байдлаар тайлбарлалаа.
-Ажил олгогчийн зүгээс Хамтын гэрээний амин сүнс болсон цалин хөлсний системийн шинэчлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн удаа дараа хойшлуулж, гэрээний зарим заалтыг шинэчилж өөрчлөх, зүйл заалт нэмж оруулахаар зайлсхийж хэлэлцээрийг зогсонги байдалд оруулж байна.
-Хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйл буюу хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтыг бий болгохгүй байх, 7 дугаар зүйл буюу ажлын байрны аливаа дарамт болон бэлгийн дарамтаас ангид байлгах. Энэ хоёр асуудлаар Хамтын гэрээнд зайлшгүй нэмж тусгах зүйл заалтууд байгаа.
-Хамтын гэрээний 6.4-өөс “ТАСРАЛТГҮЙ” гэсэн үгийг хасах ёстой. Улсад ажилласан, хөдөлмөрлөсөн хугацааг Улс хэзээ ч тасалснаар тооцдоггүй. Гэтэл Төмөр зам дээр нэг удаагийн тэтгэмж олгохдоо хүний хөдөлмөрлөсөн он жилүүдийг үнэгүйдүүлдэг.
-“Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох байдал сул, ажлын байрны болон бэлгийн дарамтын асуудлыг авч хэлэлцдэггүй хандлага нь буруу байна.
-С.Батдөл гэдэг хүний асуудалтай холбогдуулаад бид тодорхой нэр бүхий хүмүүс дээр ажлын хариуцлага тооцохыг шаардсан. Энгийн ажилтнууд дээр ямар нэг алдаа дутагдал гарахад дээр нь шатлан хариуцдаг анхан шатны дарга нар дээр нь хариуцлага тооцдог. Гэтэл дээд албан тушаалтнууд дээр хариуцлага тооцдоггүй байдал яваад байгааг удаа дараа яригдсан.
-Ковидын үед 2021 онд төмөр замчдын цалингийн системийг шинэчлэх боломжгүй байна гэсэн атал 2021 оны сүүлээр нэр бүхий 15 хүнийг доод тал нь 40 сая, дээд тал нь 100 сая хүртэлх төгрөгөөр шагнасан байдаг. Энэ нь бол авлигын шинж чанартай үйлдэл. Энэ асуудлаа одоог хүртэл нуун дарагдуулсан хэлбэрээр чимээгүй явж байна. Үүнийг АТГ болон бусад хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна.