Түрүүлэх бөх тэнгэр харж, цасаар тоглосон наадам

27

Монголчууд бидний төрт ёсны их баяр цэнгэл, үндэстний ялгарах нэгэн онцлог болох Эрийн гурван наадам хэдхэн хоногийн дараа болно. Энэ л өдрүүдэд монгол хүн бүрийн сэтгэл гэгэлзэж, өсөж төрсөн нутаг ус нь бодогддог байх. Мэдээж наадмаар хэн гэдэг бөх түрүүлж, Есөн хөлт цагаан тугаасаа адислаж, хэний хурдан хүлэг магнайдаа тоосгүй ирж, ямар аавын хүүгийн тавьсан сум цэцтэй байх тухай өөр хоорондоо ярилцдаг. Сэтгүүлч миний хувьд ч наадам дөхөхөөр бахархах, омогших нь арвидна. Анх таван настайгаасаа хойш хурдан морь унаж, их сургуулийн хуваарь авсан жилээ хүртэл нийт 13 жил дарцаг шиг хийссэн болохоор арга ч үгүй биз. Үсний найр, овоо тахилгаас эхлээд аймгийнхаа баяр наадамд хүртэл уралджээ. Түүнээс хойш ажил, мэргэжлийнхээ буянаар улсын баяр наадам, Геннист бүртгүүлэх “Монгол морь-3000” уралдааныг хүртэл сурвалжилсан байна. Мөн Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” наадмын азарганы уралдааны манлайлагчийн тугийг хүртэл барьж явжээ. Гэвч энэ олон наад муудаас хоёрхон нь өдийг хүртэл санаанаас огт гардаггүй юм.
Төрөлх Хатгалынхаа дунд сургуулийн нэгдүгээр анги төгссөн жил. Бас ч гэж хэдэн жил морь уначихсан, ид хорхойтой явсан үе л дээ. Тэр жил Дархадын цэнхэр хотгор, Улаан-Уул суманд том наадам болох нь гэсэн сураг Эгийн голын эрэг хөвөөгөөр үерийн ус шиг хуйлрав. Нутгийн ах нь өөрийнхөө сумын бус УлаанУул сумын тэрхүү наадамд битүүхэн бэлдэж эхэллээ. 
Ингээд долдугаар сарын 7-ны өглөө аль л хурдан хурц гэснээ авч, морины хүүхдүүдээ дагуулсан уяачид, битүүхэн ногт ганзагалсан бөхчүүд гээд 20 орчим хүнтэй нүсэр баг Дархадын хотгор чиглэн хөдөллөө. Цэнхэр хотгор нутаг руу машинтай бол ганцхан газраар л ордог билээ. Өлийн халзан давааны 13 овоонд өөрийн гэсэн бүхнээ даатган цааш тонгойгоод л Улаан-Уул сум руу орчихдог юм. Харин бид болохоор Өлхөн сайраа Хорьдол сарьдагийн даваагаар давлаа. Өвөлдөө цасанд боогдож, зундаа шавар ус ихтэй учраас үүгээр хэр барагтай машин давдаггүй. Морьтой бидэнд бол сэрүүхэн сайхан байлаа. Ингэж явсаар даваагаа даваад Арсайн голын сайр уруудна. Ус багатай жил гол нь сайр руугаа шургачихдаг учраас ихэнхдээ л хуурай байна. Нэг үерлэхээрээ харин “Болор цом”-ын эзэн Б.Мягмаржав ахын бичсэнчлэн ёстой л нэг “Ай саваа цэвэрлэнэ” дээ. Бид замдаа хонож, аажуу тайван явсаар 10-ны орой сумын ойролцоо очиж төвхнөлөө. Наадмын урьд орой хэзээний унтаж чаддаггүй болохоор эргэж хөрвөөсөөр үүрээр хэдхэн цаг унтаад л босов. Урдуураа Хорьдол сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан сүмбэрлэж, хойгуур нь битүү тайга дүнхийж, том, жижиг нуурууд цэлэлзэн байх хотгор нутгийн үзэсгэлэнг ээ.
Бага үдийн алдад хөгжим хангинаж, баяр наадмын нээлт боллоо. Өглөө эрт азарга уралдаад ирчихсэн учраас нээлттэй зэрэгцээд их насны морьд гараа руу хөдөллөө. Би сумандаа хэд хэд айрагдчихсан хээр морь унаж байсан юм. Гэвч морь, хүүхэд хоёр газар мэдэхгүйн гай гарсан уу. Эсвэл хээр морь тийм сайн байсангүй юу ямартаа ч 20 гаргаад орж ирлээ. Өөр унах морь байхгүй учраас томчууд дагаж бөхийн барилдаан үзэхээр боллоо. Уяач маань 100 төгрөгийн шилтэй ундаа, гурван хуушуур авч ирж өгсөн санагдана. Тэр үед баяр наадмын хамгийн сайхан нь энэ хоёр л байлаа. Гэтэл үдээс хойш хоёрын даваа эхлэх үеэр тэнгэр бүүдийж бороо ганц нэг хаяснаа цас болж хувирлаа. Гэвч наадамчин олон болдог л зүйл мэт энгийн тайван байсан нь одоо санаанаас гардаггүй юм. Хэсэгхэн хугацаанд цайртал орсон цас сүүлдээ шамарга болсон учраас аргагүйн эрхэнд бөхийн барилдааныг хэсэг завсарлаж билээ. Одоо л зургаан сард цас орлоо, зун цас орох нь дэлхийн дулаарал гэх мэт дөвчигнөл газар авчихаад байхаас биш манай Дархадын хотгорт наадмын өдөр цас орох нь бараг хэвийн үзэгдэл мэт байсан юм. 
Түрүүлэх бөх Тэнгэр харсан нь
Долдугаар ангиа төгсөөд нутагтаа очсон зун. Хүргэн ах дөнгөж л морьдоо барьж байсан үе л дээ. Гэтэл сумын наадмын өмнөхөн Чандмань-Өндөр сумын Хөхөө харуулын толгойг тахих наадам болов. Хөвсгөл далайн зүүн эрэг, Хөндийн даваанаас морьтой хүн хэдхэн цаг яваад л хүрдэг учраас ах бид хоёр ч тэр наадамд очсон юм. Гэхдээ энэ наадамд уралдах гэж биш, барилдах гэж очсон хэрэг л дээ. Овооны наадам учраас хүүхдийн барилдаан болж, түрүүлсэн хүүхдийг амьд хониор байлдаг байлаа. Тэр үед ах ч гэсэн цолгүй л болохоос сумандаа шаггүй барилддаг залуучуудын тоонд ордог байсан юм. Ингээд ах дүү хоёр бүртгүүлээд, хэн хэнийхээ захыг мушгиж суудаг ажилтай боллоо доо. Би жаахан тааруу мушгисан байж мэднэ. Учир нь ах дөрвийн даваанд тахим өгөв. Харин би үзсээр байгаад үзүүр түрүүнд үлдлээ дээ. Нөгөөх маань надаас биеэр жижиг, насаар дүү нөхөр байна. Тиймээс намайг зүүн талд нь гаргав. Ах ч гэсэн “Бариад ав. Чи түрүүлэхгүй бол өөр хэн байдаг юм” хэмээн хөөргөж байна шүү. Томчуудын барилдааны ах нарыг даган гарч, дэвж явахад улсын наадмын аварга, арслангууд л ийм байдаг болов уу хэмээн санагдана. Түрүү бөхийн бай болох халзан цагаан эр хонийг морин дээр яаж авч явна аа. Уг нь амьдаар нь авч очоод хониндоо тавьчихвал гоё доо гэх зэрэг элдэв юм бодогдоно. Гарлаа, дэвлээ, өрлөө дөө.
Учраа маань жижигхэн юм аа, зайлуул. Яас гээд хүмүүсийг өндөлзтөл, тэгсэн хэрнээ насаар дүү хүүхдийг зөөлхөн унагах вэ гэсэн шүү юм бодоод урагшаа нэг алхтал тэнгэр цэлийж байна шүү. Юу болсныг хэсэг ойлгосонгүй. Ичсэндээ тэр чигээрээ хүмүүс тартал хэвтээд баймаар болж байна.
Гэвч засуул ах ганцхан сугадаад босгоод ирлээ. Ахын хэлснээр бол би учраа бөх рүүгээ хөвчийн хүрэн баавгай аятай амьтан л нөмрөөд орсон гэж байгаа. Гэтэл өнөөх маань ухасхийгээд давхар хамчихсан юм билээ. Наадам тараад буцахдаа хоёул давааны оройд гарч, байнд ирсэн чанасан өвчүүг идэж, ах маань “Бөхийн бай гэсэндээ сайхан байна аа” хэмээн үе, үе инээгээд байж билээ. Харин мянган төгрөгөө би эгчдээ өгсөн юмдаг.    
Насанд хүрсэн хүн хурдан морь унасан нь
Конкурс өгөөд их сургуулийн хуваарь авчихсан том хүн аймгийн төвөөс сумандаа буулаа даа. Хүргэн ах хул морины маань дэлийг сумалж засаад, талийгч аавын минь эмээлийг тохчихсон Холбооны өмнө хүлээж байна. Хоёр хоног ахынд сайхан амарч аваад 11-ний өглөө Хасгийн хаяаг зорилоо. Хатгалын морь барьдаг газар л даа. Наадам үзэх гэхээсээ илүү үеийн нөхөдтэйгөө нийлж дарвих бөөн хүсэл. Гэрээс хөдлөөд удалгүй л хүсэл хүслээрээ, бөөр бөөрөөрөө нэгдээд авалгүй яах вэ. Хэдий насанд хүрч, их сургуулийн оюутан болсон ч гэсэн нутгийн ах, эгч нараас бэргэнэ ээ, хөөрхий. Тиймээс худалдагч эгчийг шалж, бараг мөнгөөр зодож авсан ганц шил “Далай ээж”ээ нандигнан өвөртөлсөөр үеийн хэдэн банди хойд уулын мод руу зүглэлээ. Гэтэл өнөөх цас шамарсан Улаан-Уулын наадамд морийг нь унаж байсан ах хүү амдаж ирлээ. Тэгээд зүүн аймгаас гайгүй хурдан азарган соёолон авч ирсэн ч гараан дээрээ булгиж, хүүхдээ унагаачихаад байна. Ахын дүү унаад өгчих гэж байна шүү. Уур ч хүрэх шиг. Өөрөөс нь өөрцгүй том хүнээр морио унуулах гээд байдаг хаашаа нөхөр вэ. Ингэж бодохоос цаашгүй инээж зогстол ах хүү өврөөсөө нэг “Далай ээж” үзүүлээд ирэхээр нь дахиад нэгийг авч өгье гэж байна. Гэтэл ханилж яваад нөхрөө гэгчээр найзууд ахын талд орж, надаар өнөөх соёлонг нь унуулахаар уухайлан дэмжлээ шүү. Ингээд хүч тэнцвэргүй байдалд удаан тэсэлгүйгээр бууж өглөө. Азарга, соёолон хоёр Хятадын дөрөлж тулж байж эргэдэг юм. Гараа хүртэл хүмүүсээс санаа зовоод соёолонгоо нэг хүүхдэд хөтлүүлчихээд өөрөө цагдаагийн машинд үсрээд суучихлаа. Гэвч ямар сул давхиулалтай биш, гараа дөхөөд мордлоо доо. Юуны тулд 13 дахь жилдээ уралдах гэж байгаа билээ дээ. Хүүхдүүдийг түрүүлж эргүүлж болохгүйг сануулж, цагдаа, морины комиссынхонд тусалж яваа дүр гаргаж байгаад арай наахнаас эргэлээ. Даанч өнөөх маань ёстой л уулын тал, талыг там болтол булгиад үлдчихлээ. Бөөн тоосонд үлдсэндээ шар хөдлөөд бараг уйлах нь ээ. Амыг нь хөрөөдөж тогтоогоод хэд сайн ташуур буулгасан чинь морьдын араас хөдөллөө дөө. Аргагүй хурдан юм аа. Нэг нэг, хэсэг хэсгээр нь идсээр яваад тархины хэд дээр ирээд наалдуулаад авлаа.
Гэвч хэтэрхий холоос хөөсөн учраас арван хэдээр барианы зурхай гишгэлээ. Харин намайг яг барианд орох мөчид наадамчдын дундаас нэг нь “Хөөе хөгшин толгой минь, морь битгий хөөгөөд байгаач ээ” хэмээн орилсон нь олны чимээ, хүүхдүүдийн гийнгоо, узелийн дууг давж байх шиг санагдаж билээ. 
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Т.Дарханхөвсгөл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn