"Хотын дугаар олгохгүй байх тогтоол хүний эрх зөрчиж байна"
Нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохгүй байгаа асуудлаар бизнес эрхлэгчид өнөөдөр /2024.11.12/ Үндсэн хуулийн Цэцэд хандаж, мэдээлэл хийлээ.
Бизнес эрхлэгчид ярихдаа "Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэрийн хүрээнд импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгоход хязгаарлалт хийсэн. Хязгаарлалтыг хийхдээ УИХ-аас яаралтай горимоор баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1 дэх заалтыг үндэслэсэн. Тэгвэл иргэдийн төлөөллөөс энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Тодруулбал,
- Машин авахад дугаар олгохгүй буюу төр бүртгэхгүй байх, улмаар иргэн шударгаар өмчтөй болох эрхийг хязгаарлаж байна. Учир нь, автомашин нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшиж, ашиглагдах нөхцөлтэй учир өмчлөгчийн эзэмших, ашиглах эрх хязгаарлагдана.
- Автомашины улсын дугаар олгох боломжит нөхцөл нь зөвхөн орон нутгийн дугаар олгохоор зохицуулалт хийсэн. Улаанбаатар хотын иргэн өөрийн өмчөө зөвхөн орон нутгийн бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. Улмаар НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан өндөр төлбөрийн хувь хэмжээгээр хоног тутамд төлбөр төлнө. Энэ нь тэгш бус байдал бий болгож, өмчлөх эрхийг нөхцөл, болзол, хязгаартайгаар эдлүүлэх зөрчил үүснэ.
- Улсын дугаартай автомашин эзэмшигчид өөрийн өмчөө худалдан борлуулж, шинээр автомашин худалдан авахад одоо өмчилж буй дугаартай автомашиныхаа дугаарыг шинээр авч буй автомашинд шилжүүлээд, хуучин автомашинаа Улаанбаатар хотод худалдан борлуулахад хязгаарлалт үүснэ.
Түүнчлэн төр иргэний өмчлөх эрх тухайн тохиолдолд автомашин өмчлөх түүнийгээ өмчлөлийн зүйлээ ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдуулан нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотод иргэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ ашиглахад шаардлагатай зам гүүр, дэд бүтцийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд түүний төлөө иргэдээс татвар авч санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа.
Гэтэл Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт хэрэгжүүлэлтэд алдаа, зөрчил гаргаж, хотын зам харилцаа, дэд бүтцийг ачаалал даахуйц бий болгож бүрдүүлж чадаагүй тус алдаагаа эргээд хамгаалах ёстой үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдвэрлэхээр оролдож буй нь төр өөрийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэхээр байна. Машин авж чадахгүй бол явган явах юм уу. Тиймээс үүнийг хүний эрхэнд халдсан, ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзэж байна. Мөн энэ бол гэнэт гаргасан шийдвэр, ямар ч төлөвлөгөө байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн Цэц тухайн шийдвэрийг эргэн хараасай гэж хүсч байна" гэв.