Япон улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

Энэ бямба гарагт Япон улс төрийн түүхэнд шинэ хуудас нээгдэж мэдэх нь. Эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль намын ирээдүйг тодорхойлохоос гадна тус улсын анхны эмэгтэй эсвэл хамгийн залуу Ерөнхий сайдыг төрүүлэх өндөр магадлалтай байна.
Такаичи анхны эмэгтэй Ерөнхий сайд болох уу?
64 настай үндсэрхэг үзэлтэн Санаэ Такаичи намын жирийн гишүүдээс дэмжлэг сайтай. Такаичи эдийн засгийг ирэх арван жилийн дотор хоёр дахин өсгөх зорилго тавин шинэ технологи, дэд бүтэц, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ амласан.
Хатагтай Такаичи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж автомашины импортын өндөр татварыг бууруулах хүсэлтэй. Японы эдийн засгийг сэргээх түүний энэ зорилго хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлол төрүүлж буй.
Коизүми шинэ үеийн дүр төрх
44 настай Шинжиро Коизүми бол ард түмэндээ танил нэр. Ерөнхий сайд асан Жүничиро Коизүмигийн хүү тэрээр амьжиргааны өртгийг даван туулахад айл өрхүүдийг дэмжихийн тулд татвар бууруулна гэж амаллаа.
Улс төрийн удам залгамжилсан ч өөрийн өнгө төрхөөр ялгарч залуу сонгогчдын итгэлийг татаж буй. Хэрэв Шинжиро Коизүми ялбал Япон улсын түүхэнд хамгийн залуу Ерөнхий сайд болох юм.
Хаяаши-залгамжлагчийн сонголт
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяаши намын дотор тогтвортой үргэлжлэлийн дүрээр үнэлэгдэж байгаа ч өмнөх хүчтэй өрсөлдөгчид дундаас тодорч гарч ирэх эсэх нь эргэлзээтэй байна.
Одоогийн Ерөнхий сайд Шигэрү Ишиба дараалан сонгуульд ялагдсаны улмаас огцорч буй нь Либерал ардчилсан намыг хүнд байдалд оруулсан. Намын нэр хүнд буурч, залуус шинэ намуудыг сонгож эхэлсэн нь эрх баригчдын ирээдүйг бүрхэг болгож байна.
Лхагва гарагт Асахи сонинд гарсан судалгаагаар намын даргад санал өгөх 295 хууль тогтоогчийн дунд Коизүми тэргүүлж Хаяши, Такаичи нар удаалж байна. Гэсэн хэдий ч намын жирийн гишүүдийн дунд Такаичи эрчүүдээс илүү дэмжлэг авсан нь Ниппон телевизийн судалгаагаар тодорхой болсон.
Санал хураалтын эхний шатанд үнэмлэхүй ялагч гарахгүй бол дахин санал хураана. Хоёр дахь шатанд намын хууль тогтоогчдын санал илүү жин дарах тул хүчний харьцаа эрс өөрчлөгдөж мэднэ.
Ямар ч үр дүн гарсан бай Японы улс төрд шинэ үе ирж байна.