Москвад хөл хорио тогтооно

363


Москва хотын эрх баригчид 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 7-ны хооронд хөл хорио тогтоохоор болсныг мэдэгдлээ. Энэ хугацаанд зөвхөн эмийн сан, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд ажиллана. Ийм арга хэмжээг мөн Москва мужид авахаар болжээ. 
“Москва хотын байдал улам хүндэрч, ойрын өдрүүдэд ковидын өвчлөл оргилдоо хүрнэ” гэж хотын дарга Сергей Собянин мэдэгдэлдээ дурджээ.
Дээрх хугацаанд цэцэрлэг, сургуулиудын хүүхдүүдийг амраахаар болсон байна. Мөн спортын сургуулиуд, хүүхдийн дугуйлан, секцүүдийн үйл ажиллагааг зогсооно. Их дээд сургуулиуд зөвхөн зайнаас сургалтаа явуулна.
 
Москва хотын дарга Сергей Собяниний мэдэгдсэнээр худалдааны төв, кино театр, амьтны хүрээлэн, биеийн тамирын заал, гоо сайхны газруудын үйл ажиллагааг зогсооно. Зоогийн газрууд зөвхөн авч явах эсвэл хүргэлтээр үйлчлэх боломжтой.
Театр, музейд үзэгчдийг зөвхөн QR кодоор нэвтрүүлж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой.
Москвад пүрэв гарагт 7897 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь 5847 тохиолдол шинээр илэрчээ.  
 
Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдийг ажлын бус өдөр болгон зарлаж, бүс нутгуудийн эрх баригчдын шийдвэрээр сунгаж болно гэдгийг онцолсон юм.
 
Собянин мөн 11 дүгээр сарын 8-наас эхлэн Москвад вакцин хийлгээгүй 60-аас дээш насны хүмүүсийн хөнгөлөлтийн картыг хаана гэж мэдэгдэв. Эдгээр хүмүүс вакцин хийлгэснийхээ дараа картаа нээлгэх боломжтой болно. Сүүлийн зургаан сарын хугацаанд коронавирусээр өвчилсөн хүмүүст энэ хязгаарлалт хамаарахгүй байна.
Театр, музейд амны хаалттай иргэдийг QR код уншуулан нэвтрүүлэх, мөн танхимын дүүргэлтийг 70 гаруй хувиас хэтрүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой.
 
500 гаруй хүн нэгэн зэрэг оролцох арга хэмжээг зөвхөн QR код ашиглан зохион байгуулахыг зөвшөөрнө. Есдүгээр сарын сүүлчээр Орост коронавирусний өвчлөл дахин нэмэгдэж эхэлжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо 70 хувиар нэмэгдсэн байна. Лхагва гарагт ОХУ-д “Ковид-19”-ийн халдварын 36 339 илэрсэн нь өмнөх өдрийнхөөс 2 200 -гаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Пүрэв гарагт мөн нас баралт дээд хэмжээндээ хүрч, нэг өдрийн дотор 1036 хүн коронавирусний халдвараар нас баржээ. Ковидын нас баралт өндөр байгааг эрх баригчид вакцинжуулалтын кампанит ажлын хурд маш бага байгаатай холбон тайлбарлаж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn