Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилнө
Есдүгээр сарын 25-нд буюу Ням гарагт зохион байгуулах автомашингүй өдрөөр томоохон зах худалдааны төвийг 7.00-18.00 цагийн хооронд хаахаас гадна нийтийн тээврийн39 чиглэлийг өөрчилнө.
Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчлөх юм. Их тойруугаар явах автобусны чиглэлд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, “Миний” дэлгүүрийн автобусны зогсоолоор үйлчлүүлэх боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой аж.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаахүед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа буюу Их тойруугийн гудамжаар явах бол урдуураа буюу Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Харин хойноос урагш,урдаас хойш явдаг босоо чиглэл Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18.00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ. Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус түр хугацаанд зогсохыг анхааруулж байна” гэв.