Сонгууль 2020: ТОЙРОГ 29 & ТУЛААН

763

УИХ-ын сонгуулийн хамгийн сүүлийн тойрог буюу Хан-Уул дүүрэг 3 мандаттай, 185251 иргэний 115316 нь сонгогчийн насных гэсэн бүртгэл бий. Тус дүүргийн УИХ-ын тойрогт өмнө нь Багахангай дүүрэг багтдаг байсан бол энэ удаа дангаар нь бүтэн тойрог болгосон.
УИХ-ын 29 дүгээр тойрогт МАН-аас “ногоон гэрэл”-ээр гарах хүн бол УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болж таарч байна. Коронавирусын цар тахлыг дотооддоо алдаагүй маш цөөхөн орны нэг болоод байгаа энэ үед Д.Сарангэрэл сайдын чадварыг магтан дуулах хүн олон. Өдгөө түүнийг УИХ-ын гишүүний ажлын тайлангийн сэтгүүлээ хэвлүүлж амжаагүй яваа гэх яриа ч гарчээ. Анх түүнийг Эрүүл мэндийн сайд болоход мэргэжлийн бус хэмээн гоочилж байсан хүмүүс өнөөдөр сайд сайн менежер байх ёстой юм байна гэдгийг ухаарсан болов уу.
 
Түүнтэй хамт Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн нэр яригддаг. Мань хүн ч өөрөө горилж байгаа. Гэхдээ түүнийг ганц Дарханы замын ажлыг ч дуусгаж чадаагүй төдийгүй хуучныг нь хуулж авсан нь иргэдийг хохироож байгаа гэх асуудал нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл болох нь гарцаагүй. “Мишээл Экспо”-гийн гэх тодотголтой Б.Энх-Амгалан өнгөрсөн хугацаанд зам тээврийн салбарын бүтээн байгуулалт хэмээн орон нутгаар л тойроод байснаас тойргоо эргэсэн нь тун ховор. Тиймдээ ч сонгогчдод нь түүнийг бараг мартчихсан.
Тус тойрогт өнгөрсөн удаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өрсөлдөн, ялалт байгуулж байсан. Харин энэ удаа түүнийг Орхон аймаг руу “хүлгийн жолоо” зална хэмээн таамаглаж байгаа ч өрсөлдөгчдөө “баярлуулан, гомдоож” магадгүй гэх таамаглагчид ч бий. Мөн түүнийг нам нь илгээхгүй бол Сангийн сайд Х.Булгантуяагийн нэр ч орж ирэх магадлалтай.
Хэрвээ Ц.Нямдорж энэ тойргоос “холдвол” тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд боломж гарах юм. Өмнө нь ТОСК-ийн захирал байсан түүний хувьд намдаа зүтгэсний хариуг өөртөө эвтэйхэн албан тушаал болгоод авчихдаг гэх хүмүүс ч бий.
АН-ынхан Хан-Уулын ганц “ялалт”-аа тавиад туучихсан гэхэд болно. УИХ-ын гишүүн Л.Болд тус тойрогт дархлагдсан мэт байсан ч хувиа хичээгээд өөр нам байгуулаад явчихсан учраас их л хатуу тойрог байх болов уу.
 
Эхний ээлжинд АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуул “үзээд алдах” сонирхол ихтэй байгаа. Өмнө нь боломж олдоогүй тэрбээр ахынхаа нэр хүндийг ашиглан, бага насаа өнгөрүүлсэн Яармагийн дэнждээ очиход болохгүй гэх газаргүй гэж тооцоолоод байгаа.
Түүнтэй хамт Г.Батхүү агсны дүү П.Батчимэг ч өмнөх “авлагаа” тооцон нэр дэвшихээр горилж байгаа. Гэхдээ түүний нэр Дорнод аймагт мөн яригддаг. УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшиж чадаагүй учраас одоо бол өгсөн тойрогт нь үзнэ гэж байгаа аж. нарын хувьд өнгөрсөн сонгуульд нэр дэвших гээд чадаагүй. Энэ жил бол заавал нэр дэвшинэ гэж үзэх байх.
 
Тэднээс гадна тус дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг горилж байгаа. Түүнийг АСЕМ-ийн “хувь хишиг”-ээс ногдол хүртсэн гэх хэл ам дагадаг.
Мөн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмиг Хан-Уул дүүрэгт нэр дэвших талаар сүүлийн үед яригдаж байгаа. Түүний хувьд намын эмэгтэйчүүд дундаа нэлээд боловсрол сайтайн дээр нэр цэвэр гэгддэг.
Дээрх эрхмүүдээс гадна УИХ-ын гишүүн асан Кекүшюзан Д.Батбаяр ч “хүч түрж” магадгүй. Хэдийгээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ч шүүхээс гэм буруутай эсэхийг нь эцэслээгүй. Тиймээс төрд шургалчихвал өөрийгөө хамгаалчихна гэж тооцоолсон хэмээн хардах хүмүүс ч бий. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn