Зуданд өртөх эрсдэлтэй 1000 айлд 370 мянган төгрөг олгоно
Монголын улаан загалмай нийгэмлэг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Увс, Завхан зэрэг 13 аймгийн зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр орон нутагт хяналт, үнэлгээ хийж байна.
Энэхүү тусламжийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх бөгөөд зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан эдгээр 13 аймгийн 1000 малчин өрх бүрд 370 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгох юм.
Малчдад зудын улмаас учирч болзошгүй хор хохирлыг бууруулах зорилготойгоор уг урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.