Гоёор харвал Н.Номтойбаяр дутуу хариулж, Монголын шүүх буруу ойлгожээ

595


Энэ сонгуулийн хамгийн дуулиантай нэр дэвшигч нь Н.Номтойбаяр болж байна. Яг үнэнийг хэлэхэд, намаасаа хөөгдөж, улс төрийн хатуу хавчлагад өртсөн Н.Номтойбаярыг бие дааж нэр дэвшсэнд хүн бүр гайхсан.  Түүнээс өөр хүн тийм байдалд байсан бол юу болохыг хүлээгээд маш томоотой сууж байх байсан.
Харин Н.Номтойбаяр гэж "солиотой" нөхөр бие дааж нэр дэвшиж адарсан. Ингэнэ гэж төсөөлөөгүй "нөгөөдүүл" нь ихэд сандарсан байгаа юм.  Ядахад Н.Номтойбаярыг нэр дэвшихийг дэмжиж 31 мянган хүн гарын үсэг зурсан нь шархан дээр нь давс үрэх шиг болсон бололтой. Ямартай ч өчигдөр нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ гардаж, гарааны зурхайнаас эргэхээр болов.
Н.Номтойбаярын хувьд өчигдөр  өөрөө биш түүний аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс  СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардан авсан. Учир нь тэр одоо цагдан хоригдож байгаа учраас тэр. 
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 5 сарын 28-нд Н.Номтойбаярыг цагдан хорьсон. Шүүх УИХ-д нэр дэвшигчийг ингэж цагдан хорих нь хуулиар хориотой.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг тусгайлан хангасан заалт байдаг. Уг хуульд "Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно" гэсэн байдаг.
Гэхдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг "санамсаргүй" хорьсон байж болзошгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгч "Та УИХ-д нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан уу" гэж асуужээ. Н.Номтойбаяр хариуд нь "6 сарын 2-нд авна" гэсэн байна.
Хальт харвал шүүгч асуусан, Н.Номтойбаяр хариулсан энэ харилцан ярианд ямар нэг өө сэв байхгүй.
Ухаад үзвэл, зөвхөн энэ асуулт, хариултын дүнд үндэслэж шүүгч түүнийг цагдан хорих шийдвэрээ баталгаажуулсан байх юм.
Гэтэл СЕХ-ны 2020 оны 5 сарын 25-ны 81 тоот "бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолоор Н.Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрогт буюу Нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигчээр бүртгэж баталгаажуулсан байдаг.
Энэ бол шүүгчийн асуусан "Та нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан уу" гэсэн асуултын бүрэн төгс хариулт юм. СЕХ-ны дээрх тогтоолоор "Н.Номтойбаяр хуулийн дагуу нэр дэвшигчийн шаардлага хангасан тул нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгосугай" гэчихсэн.
Гэтэл Н.Номтойбаяр "6 сарын 2-нд авна" гэж дутуу хариулсан байна.
Тэгэхээр шүүх үүн дээр дөрөөлөөд цагдан хорихоор шийдсэн.
Энэ талаар СЕХ-ноос "Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй шүү дээ. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" гэсэн тайлбарыг өгчээ.
Шүүх ингэснээр хууль зөрчиж нэр дэвшигчийн эрхэнд халдахын зэрэгцээ СЕХ-ны бүрэн эрхэнд халдчихсан байна. Энэ явдлыг гоёор харвал Н.Номтойбаяр дутуу хариулж, Монголыг шүүх  буруу ойлгожээ.
Гэвчиг дэндүү олон талаасаа Н.Номтойбаярыг цагдан хорьсон шүүхийн шийдвэрээс улс төр үнэртээд, мэдрэгдээд байна. Тэр өнцгөөс нь харвал Н.Номтойбаярыг цагдан хорихын тулд шүүх хөтөлсөн асуулт тавьж, санасандаа хүрч, улс төрийн даалгавар, захиалгыг гүйцэтгэсэн байх магадлал маш өндөр байна.
Эх сурвалж: Erennews.mn


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn