Байден vs Трамп: Даагаа нэхэх тулааны өмнө

289


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлнэ гэдгээ  мэдэгдэж, “эрх чөлөө” гэдэг үгээр эхлэх 3 минутын дүрс бичлэгийг орон даяар цацав. Яг 4 жилийн өмнө тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ.
 
Дүрс бичлэгээр Байден сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хөндөгдөх хамгийн чухал сэдвүүд болох үр хөндөлт, ардчиллыг хамгаалах ба сонгох эрх, америкчуудын нийгмийн баталгааны асуудлуудаар ярьжээ. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч “Бид Америкийн мөн чанарын төлөө тулалдаж байна гэдгийг би 4 жилийн өмнө хэлж байсан, энэ тулаан одоо ч үргэлжилсээр байгаа” гэдгийг онцолсон байна.
 
Хэрвээ одоогийн төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх гэж байгаа бол үүнийгээ нэг жил хагасын өмнө мэдэгддэг нь Америкт уламжлал болоод байгаа. Үүний дагуу ойрын үед Байден мэдэгдэл хийнэ хэмээн хүлээж байсан нь ёсоор боллоо.
 
"Миний нас бол миний баялаг" 
Хэдийгээр нас дээр гарсан боловч Байден эрүүл жавхаалаг хэвээр байгаа бөгөөд түүнээс өөр нэр дэвшигч Ардчилсан намаас тодрох магадлал одоогоор бараг алга. Гэсэн хэдий ч хоёр дахь удаагаа өрсөлдөх гэсэн Байдены шийдвэр намын дотор төдийгүй улс орны хэмжээнд санал зөрөлдөөн үүсгэжээ. Цар тахал ба инфляцын улмаас АНУ дараалсан хямралд нэрвэгдээд буй энэ үед Байдены нэр хүндийн чансаа 40 хувьд хүрэхгүй байгаа. Хэрвээ элдэв хямрал тохиогоогүй жирийн тайван үед бол ийм доогуур рейтингтэй хүнийг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэх нь угаасаа учиргүй шийдвэр болох байлаа.
 
Өнгөрсөн долоо хоногт NBC News сувгийн явуулсан санал асуулгаар, Байден нэрээ дэвшүүлнэ гэдгийг америкчуудын 70 хувь нь дэмжихгүй байгаа бол Ардчилсан намын гишүүдийн талаас илүү хувь нь “Байден нэрээ дэвшүүлэх хэрэггүй” гэж үзэж байна.
 
Мэдээж хэрэг энэ нь юуны түрүүнд төрийн тэргүүний настай холбоотой. Өдгөө 81 настай Байден бол АНУ-ын түүхэн дэх хамгийн ахимаг настай ерөнхийлөгч бөгөөд хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусах үед 86 нас хүрнэ. Тэгэхээр сонгуулийн кампанит ажлын туршид өндөр насны асуудал түүнийг үргэлж дагалдах нь. 40 хувийн рейтинг, инфляц, цагаачлалын хямрал, Орос-Украины дайн гэх мэт асуудлыг сонгогчдод ямар нэгэн байдлаар эерэг талаас нь тайлбарлаж болно, харин олны өмнө ядарч гундсан байдалтай харагдах аваас сонгуулийн дүнд нөлөөлнө. Гэсэн хэдий ч түүний багийнхан сонгууль хүртэлх жил хагасын хугацаанд нөхцөл байдлыг Байденд ашигтайгаар эргүүлж чадна хэмээн найдаж байна. Тухайлбал, хууль батлуулах тал дээр түүний гаргасан хичээл зүтгэл, Вашингтонд 50 гаруй жил ажилласан туршлага нь наснаас нь илүү чухал гэдгийг сонгогчдод ойлгуулах. 
Хууль батлуулах тал дээр гаргасан амжилт, Вашингтонд 50 гаруй жил ажилласан туршлага нь наснаас илүү чухал 
 
Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч Трампын үед улс орон  даяар эмх замбараагүй байдалд автаж, ардчилалд аюул занал учирч байсан, ийм байдал давтагдах ёсгүй гэдгийг сануулах байдлаар сонгогчдыг өөртөө татах боломж бий. Мөн Трампын үед Дээд шүүхэд бүрдсэн консерватив олонх Үндсэн хуулиар олгогдсон үр хөндүүлэх эрхийг цуцалж, цаашдаа бүрэн хориглох гэж байгааг Ардчилсан намынхан мэтгэлцээний үед шүүмжлэх нь ойлгомжтой. Гадаад бодлогын тал дээр, Путиний өмнө бөхөлзөн тонголзсоор буй Трампыг шүүмжилж, Украиныг хамгаалахын тулд Барууны эвслийг сэргээж чадсан гэдгээ Байден үе үе сонгогчдод сануулах болно.
 
сонин mn
Харин сонгуулийн кампанит ажлын үеэр Байденд ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол өөр нэр дэвшигчийг олох боломж тун бага бөгөөд дэд Ерөнхийлөгчид өрсөлдөхөө илэрхийлсэн 58 настай Камала Харрисын нэр хүнд сайнгүй байгаа тул түүнд найдах нь тун эрсдэлтэй. 
 
Трамп дахин нэр дэвших магадлал 
Одоо хамгийн сонирхолтой нь Бүгд Найрамдах намаас яг хэн албан ёсоор нэр дэвших вэ гэдэг асуудал. Дональд Трамп эрүүгийн хэрэгт холбогдоод байгаа энэ үед түүний гол өрсөлдөгч болох Флорида муж улсын захирагч Рон Десантис итгэлтэйгээр өөртөө оноо цуглуулсаар байна. Тэрбээр нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй боловч намынхаа дотор 31 хувийн дэмжлэг авч, Трампын дараа хоёрдугаарт бичигджээ. Гэхдээ боломжит өрсөлдөгчдийнх нь хэн нь ч Трамп хуулийн байгууллагад шалгагдаж буй үеийг улс төрийн зорилгодоо ашиглаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ийм учраас БНН-аас албан ёсоор нэр дэвших хүн бол чухамдаа Трамп мөн гэсэн дүгнэлтийг Ардчилсан намынхан хийжээ. Трамп олон түмнийг өөртөө татах чадвартай, улс төрийн өндөр мэдрэмжтэй тул “уснаас хуурай гараад ирэх” магадлал өндөр бөгөөд ингэж чадваас нэр хүнд нь улам өснө. Улмаар өдгөө 76 настай тэрбээр БНН-аас нэр дэвших аваас одоогийн Ерөнхийлөгчөөс даагаа нэхэх тулаан 2020 оныхтой адил маш ширүүн болох учраас америкчуудын сонирхлыг татах нь лавтай гэж CNN онцолжээ. Харин Трампын оронд гэнэт Р. Десантис өрсөлдөөний тавцанд гарч ирвэл Ж.Байдены ирээдүй бүрхэг болж эхэлнэ гэж зарим ажиглагчид дүгнэсэн байна.  
сонин mn
Зураг дээр: Рон Десантис 
Бүрэн эрхийн эхний хугацаагаа дуусгасан ерөнхийлөгч нар дахин нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан тохиолдолд гуравдахь удаагаа өрсөлдөхгүйгээр яваад өгдөг. Харин Трамп БНН-ын дотор хамгийн нэр хүндтэй хэвээр байгаа учраас ийм өрсөлдөөн гарах магадлалтай. Тодорхой хэлбэл, чухамдаа Трампын байр суурь хүчтэй хэвээр байгаа учраас Байдены нэрийг дахин дэвшүүлсэн гэсэн үг. Ташрамд сонирхуулахад, АНУ-ын түүхэнд Гровер Кливленд гэдэг хүн дараалан биш ч гэсэн хоёр удаа сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
 
Гэхдээ эцсийн дүндээ, яг санал хураалт болох үед эдийн засгийн гол үзүүлэлтүүд ямар байх вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Байдены хувьд Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлуулж, Баруун Дундад бүсэд аж үйлдвэрлэлийг сэргээх нөхцлийг бүрдүүлж чадсан гэдгээ онцлох болов уу.
 
Үүний зэрэгцээ өөрийнх нь үед ажилгүйдлийн түвшин доогуур байсныг дурдах боловч инфляц сүүлийн 40 жилд үзэгдээгүйгээр өссөн, хийн үнэ өнгөрсөн онд нэмэгдсэн гэх мэтээр түүний хүчин чармайлтыг доош нь татах хүчин зүйлс бий. Хэрвээ ирэх онд эдийн засгийн багахан доргилт үүсэхэд л Трампад ашигтайгаар тусаж “намайг төрийн тэргүүнээр ажиллаж байхад АНУ-д Алтан үе тохиож байжээ” хэмээн мэдэгдэх болно. «Эцсийн эцэст, цөөхөн тооны саналын зөрүүгээр өөрийг нь ялалтанд хүргэсэн, аль ч тийшээ хэлбийж магадгүй муж улсуудаас бүх зүйл шалтгаална гэдгийг одоогийн Ерөнхийлөгч сайн мэдэж байгаа” гэж СNN-ийн тоймд дүгнэн бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны 11 дүгээр сарын 5-нд болно.  
 
 
Б.Адъяахүү
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn