Дэлхийд гайхуулах “Монголын сайхан орон”

346

Уяхан хоолойн цангинасан эгшиг, уртын дууны шуранхай айзам, уран нугараачийн гайхамшигт үзүүлбэр гээд Монголын ардын урлаг юугаар ч сольж, орлуулж боломгүй үнэт өв билээ.
Үндэсний урлагаа би дэлхийд гайхуулж, бусдаас ондоошиж, бахархан хайрлаж ирсэн. Ялангуяа Төрийн айлчлал, гадны жуулчдын өмнө энэ л соёлоороо бид омогшдог улс.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид  Монголд зочлох жилийн хүрээнд жуулчдад зориулсан тоглолтоо “Монголын сайхан орон” нэртэйгээр УДБЭТ-ын тайзнаа өдөр бүр толилуулж байна.
Театрын зүгээс “Өнө эртний төрт улс Хүннү гүрнээс улбаатай хөг аялгуу, их хаадын орд өргөөнд эгшиглэж байсан Төрийн найрлын эгшиг аялгуунд ёслол хүндэтгэлтэйгээр бүжиж, энэхэн замбуу тивээ аргадсан дуун түрлэгээр та бүхний сонор мэлмийг баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр өргөн үүдээ нээж байна” хэмээн урьж буй юм. Тайзны хамбан улаан хөшиг нээгдэхэд монгол үндэстэн, ястны соёл, уламжлалыг шингээсэн өөр, өөр үндэсний хувцастай бүжигчид тайзыг эзэгнэнэ.
Энэ бол Ц.Сэвжидийн дэглэлт “Монгол бүжгийн чуулбар” хэмээх бүтээл юм. Захчин, Буриад, Казах, түмний бүжгийн гайхамшиг үргэлжилнэ. Ирсэн зочид сэтгэл хангалуун байгаа бололтой, уулга алдан, алга ташсаар байсан юм. Үүний дараа хээр тал, онгон тансаг байгаль, талын салхийг нүдэнд харагдтал уянгалуулсан нь “Урьхан хонгор салхи” хэмээх уртын дуу байлаа...
“Монгол урлагийн гайхамшиг” нэртэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн энэхүү тоглолт энэ жил цар хүрээгээ улам өргөжүүлжээ.
Тодруулбал,  Төрийн үндэсний хөгжмийн их найрал, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит шагналт дуучид хүч нэмж, хөг аялгуугаа өргөж буй юм.
 
 
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn