“Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд" төслийг хэрэгжүүлж байна

0

Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл ТББ Словен улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд" төслийг хэрэгжүүлж байна. 
Уур амьсгалын өөрчлөлт газар авч, үүний нөлөө улам бүр тархсаар бүү өнөө цагт энэхүү уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн ажлуудын нэн тэргүүнд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх явдал гэж үзэж байна. Монгол орны нийт нутгийн 8.2 хувийг эзлэн ургадаг ойн санд ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд олон талт оролцоо, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал байна. Иймд Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Словени улсын Ойн хүрээлэнтэй хамтран, Бээжин дэх Словенийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” төслийг 2023 оны 9 сараас 2024 оны 1 сард хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд "Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд" сэдэвт нэг өдрийн сургалт, семинарыг 2023 оны 11 сарын 2-нд зохион байгуулж, ой, модны салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл 60 хүнийг хамруулсан байна. Энэхүү сургалт семинар нь анх удаа салбарын эмэгтэйчүүдийн мэргэжлийн онцлог, нийгмийн асуудал, цаашдын чиг баримжааг хөндөж, хэлэлцсэнээрээ шинэлэг байв.

Сургалт семинарын үеэр Словени улсын Ойн хүрээлэнгийн захирал, доктор Никэ Кранц ойн тогтвортой менежмент, эмэгтэйчүүдийн оролцооны талаарх онолын мэдлэг болон Словени улсын туршлагаас лекц бэлтгэн хүргэж, МОСМХ нэгдлийг төлөөлөн доктор Д.Дэлгэржаргал, доктор М.Хишигжаргал нар Монгол оронд ойн тогтвортой менежментийн хэрэгжилт, ойн салбарын эмэгтэйчүүдийн оролцооны өнөөгийн байдлын талаар илтгэл хэлэлцүүлсэн байна.
Сургалт, семинарын үеэр оролцогчид бүлгээр ажиллаж, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, санал болгох гаргалгааг танилцуулав. Энэхүү хамтын ажиллагааны дараагийн шат нь Словени улсад амжилттай хэрэгжүүлж буй оролцоонд тулгуурласан ойн тогтвортой менежментийг манай орны ойн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд таниулах, шаардлагатай сэдвээр онлайн сургах менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил бөгөөд үүний хүрээнд Словенийн Ойн хүрээлэнгийн захирал доктор Никэ Кранц, судлаач доктор Алеш Польянек нар байгальд дөхүүлсэн ойн тогтвортой менежмент, ойн салбарын эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг сэдвээр лекц хэлэлцүүлж, эдгээр мэдээллийг цааш нь ойн салбарын эмэгтэйчүүдэд цуврал лекцүүдээр хүргэж байна.
Тус төслийн сүүлийн шатанд ойн тогтвортой менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үүнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар олон нийтэд таниулан сурталчлах кампанит ажил байх юм. Энэхүү онцлог үйл ажиллагаа нь монгол оронд ой, модны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn