“Хэн сайн цүнх барьсан нь албан тушаалд томилогддог боллоо”

137

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/НИТХ/-ын ээлжит бус XXII хуралдаан өчигдөр /2024.07.24/ болж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул өөрийгөө албан ёсоор танилцуулалгүйгээр хэлэлцэх асуудалтай холбоотойгоор танилцуулга хийсэнд төлөөлөгч Т.Батцогт шүүмжлэв.
Тэрбээр “Найм дахь жилдээ би НИТХ-д сууж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ямар их  дарга нар солигддог юм бэ. НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалууд липтээр өгсдөг албан тушаал болсон юм уу. Хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудал бий. Өмнөх дарга нар нь баахан амлалт өгсөн, хийнэ, сайхан амьдруулна л гээд л орж ирсэн. Удалгүй дээшээ дэвшээд алга болсон. Дараагийнх нь хэн нь мэдэгдэхгүй нөхдүүд орж ирдэг. Сэлгээ хийдэг, тоглоомын албан тушаал болсон юм уу. Би одоо нийслэлийн агентлаг, газар хэлтсүүд дээр  хаана нь дарга нь солигдсоныг мэдэхээ байлаа. Өмнө нь хэзээ ч ийм байгаагүй.  Энэний үр дагавар нь өнөөдрийн нийслэлийн нөхцөл байдал.  Хот даяараа ямар нөхцөл байдалтай байгаа билээ. Дуртай нь орж ирээд албан тушаал хашдаг. Хэн сайн даргын цүнх барьсан, хэн сайн бөгсийг нь долоосон нь албан тушаал дээр томилогддог. Мерит зарчим хаана байна вэ. Дуртай нь орж ирээд алба хашаад татвар төлөгчдийн мөнгөөр туйлж байгаад явдаг.
Сая хэн гэдэг хүн гарч ирээд асуудал танилцуулчихав. Энийгээ мэдмээр байна” гэсэн юм.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох эрх нь Засаг даргад байгаа. Хуучин зөвшилцдөг байсан, одоо бол шууд томилох хуулийн зохицуулалт үйлчилж байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуул томилогдсон. Өмнө нь Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр нь ажиллаж байсан.  Нийслэлийн нийгмийн болон агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор өмнө нь Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаяр дарга томилогдсон.
УИХ -ын сонгуульд Нийслэлийн Засаг даргын хоёр орлогч нэр дэвшиж, УИХ ын гишүүн болсон. Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх хүмүүсийг албан тушаалд томилсон. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар П.Хадбаатарыг томилсон байгаа. Өмнө нь П.Хадбаатар дарга Нийслэлийн нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа тул Улаанбаатар хотын Засаг дарга НИТХ-наас албан ёсоор чөлөө авсан. Хоёр орлогчоо, Тамгын газрын дарга болон хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан харьяа газрын дарга нарыг оролцуулж байгаа. Засгийн газрын хуралдаан дуусад иртэл орлож байгаа хүмүүсээс асуулт асуух бүрэн эрхтэй гэдэг тайлбар хийсэн юм.
Харин НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “НИТХ бол ард түмний төлөөллийн байгууллага, иргэдийн асуудлыг хэлэлцэж байна. Доод шатнаас орж ирж байгаа бол өөрийгөө танилцуулаад явах ёстой, би зарчим ярьж байна. Томилгоо бол Засаг даргын  бүрэн эрхийн асуудал. Хуралдаан дээр орж ирж байгаа бол зарчмаа барих ёстой.  Хэн нэг нь орж ирээд дураараа танилцуулаад суумааргүй байна. Цаашид энийг анхаарна биз. Эрхбиш төрд ажиллаж байсан хүн байлгүй дээ” гэж омогдов.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2740689/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn