Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлснээр ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх ач холбогдолтой
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.12.25) Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэв.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлагдснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов.