“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.



