УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаа санаж, үндсэн ажлаа хий!!!

7

Засгийн газраас УИХ-д Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 1-ний өдөр өргөн барьсан. Угтаа ирэх оны төсвийг өргөн барьснаас хойш нэг сар 14 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг өндөрлөж, хамгийн чухал хэсэг буюу хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжээд байна.
Тэгвэл өнгөрсөн сар гаруй хугацаанд МАН-ын даргын сонгуультай холбоотой маргаан өрнөж, төсвийн хэлэлцүүлэгт анхаарал хандуулах эрүүл ухаан, саруул бодолтой хүн байхгүй болтлоо төр самуурч байна. Төрийн ордонд сандал суудал, эрх мэдлийн гал авалцаж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг гартаа атгасан томчууд орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэж байна.
Төрийн ордны баруун, зүүн хаалган дээр ахмадууд тэтгэврээ 1.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх, төв талбайд багш, эмч нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийн тулд хүйтэн, нойтныг үл ажран ажран жагсч байна. Эхнээсээ багш нар энэ сарын 16-наас эхлэн орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа 76 гишүүнээс 126 гишүүнтэй болж бүл нэмсэн. Тэгвэл иргэдийн нийтлэг эрх ашиг, дуу хоолойг төрд хүргэх гүүр, илч төлөөлөгч болж ажиллахааа амлаж, тангарагласан 126 гишүүний нүдний өмнө иргэдийн амьдрал, улс орны эдийн засаг уруудан доройтож байхад, тэд хэлгүй, дүлий мэт аашилж байна.
Тэдэнд өнөөдөр өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн үйл хэргийг нэг секунд, минут ч тасалдалгүй явуулах эрхэм үүргийг нь нөхөн сануулж байна. Тэд "Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна" гэж Үндсэн хуулийн эх дээр гараа тавьж, ард түмнийхээ өмнө тангарагласан. Харин одоо энэ тангарагтаа үнэнчээр ажиллахыг УИХ-ын 126 гишүүнээс шаардаж байна.
УИХ-ын гишүүд намрын чуулганаар ирэх оны төсвийн төслөө цаг хугацаанд нь хэлэлцэн батлах үүрэгтэй. Тэгвэл энэ үүргээ нэр төртэй биелүүлэх цаг яг одоо ирчихээд байна. Камерын өмнө ахмадууд, багш, эмч нарынхаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж матрын нулимс унагаж, попорч зогсохынхоо оронд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс хаанаас нь юу хасч, ямар зардлыг хаашаа гүйлгэвэл тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бололцоо байгаа талаар үндэслэлтэй бөгөөд үнэн бодит, зарчмын зөрүүтэй саналаа гаргаж ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ажил хэрэгчээр хиймээр байна.
Төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж эхэлнэ гэдэг бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг засч сайжруулах, өөрчилж, тордох хамгийн чухал үе. Гэтэл ийм хариуцлагатай цаг мөчид талцал хуваагдлын үймээн самуунд толгой нь эргэн самуурч, тал алдахгүй гэж нааш, цаашаа гүйлдэж, ашиг хонжоо хайж, ард түмнээ умартаж боломгүй.
Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулгандаа тогтож сууж төсвийн төслөө хэлэлцэх нь бүү хэл Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нараа огцруулах бичгийг ар араас нь өргөн бариад, ард урдуур нь гүйлдэж, ар нуруу руу нь хутга зоохдоо л тэд анхаарч байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар хэдхэн хоногийн өмнө Төсвийн болоод Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал дээр  “Хэдүүлээ улсын төсөв, төсвийн төсөөлөл хэлэлцэх гэж гурилдаж байна. Эрх баригч намын даргын сонгуультай холбоотойгоор байгаа байдлаа хар л даа. Өглөө 11:00 цагт эхлэх байсан хурал 16:00 цаг болж байна, хайран цаг биш үү. Энэ хуралд нийт 54 гишүүн оролцох ёстой ч хар л даа. 10 гаруйхан гишүүн л сууж байна шүү дээ. Хэдүүлээ маш хариуцлагатай зүйл хэлэлцэх гэж байгаа шүү дээ. Энэ улсын төсөв яаж бүрдэж байгаа билээ, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Гэтэл нэг иймэрхүү маягаар хэлэлцсэн болоод ийм хариуцлагагүй хандах юм уу. УИХ гэдэг байгууллага хууль батлах, төсөв батлах үндсэн чиг үүрэгтэй" гэж дуугарсан. Энэ бол сүүлийн үед УИХ-ын гишүүд төрийн үйл хэрэгт, тэр дундаа төсөв хэлэлцэх ажилд ямар байдлаар оролцож байгаагийн тод илрэл.
МАН-ын даргын сунгаа нэгэнт МАН-ын цагаан байрнаас хальж төрийн ордныг донсолгож байна. Тэр ч бүү хэл, МАН-ын дарга нарын зодоон намаасаа халиад бусад улс төрийн намуудын гишүүдийн дунд ч зовлон болж байна.
Үүгээр явсан гайг түүгээр дуудав гэгчээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж бүү АН-ынхан айлын байшин шатахад алга ташин гүйлдэж, гал дээр тос нэмж байна.
АН-аас улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. МАН-ын даргын асуудал албан ёсоор шийдэгдэх хүртэл Засгийн газрыг 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төсвийн төслөө эргүүлэн татахыг шаардсан. МАН-аас их хурлаа арваннэгдүгээр сарын 15-нд зарлан хуралдуулах тов тогтоосон. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд эцэслэн батлах хуулийн заалттай. Тэгвэл АН-аас тавьсан шаардлагаас харахад ирэх сарын 15-нд МАН-ын их хурал хуралдаж намын даргын асуудлаа шийдэх хүртэл төсвийн төслөө хойшлуулах, бүр цаашлаад эргүүлэн татах ёстой болж таарах нь.
Улсын төсөв гэдэг улс төрийн хэрэгсэл болгож улстөржиж байдаг тоглоом биш. Тоглох ёстой тоглоомоороо, тоглох ёстой дүрмээрээ тоглохгүй бол хайчаар тоглож, нүдээ сохолчихоод насаараа халаглаж суухтай ижил зүйл тохиолдох вий.
Хуульд заасан хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15 гэхэд ирэх оны төсөв батлагдах учиртай. Төсөв бол УИХ-ын жил бүр батлах ёстой томоохон актуудын нэг. Энэ төсвийг баталж байж ирэх жилийн төлөвлөгөөт болон төрийн ажлууд явна, хувийн бизнес, хөрөнгө оруулагчид ажлаа төлөвлөнө, баялаг бүтээгчид ирэх жил биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ гэдгийг хардаг эдийн засгийн амьдралын толь нь төсөв. Тиймээс хугацаатай ажил хугацаандаа явах ёстой. Хэрвээ засч янзалж, өөрчлөх зүйл байвал нэгэнт УИХ-ын бүрэн эрхийн асуудал болсон учраас эрхэм гишүүд одоо ажлаа хий.
Улс төрийн зорилгоор энд тэнд талцаад мэдэгдэл хийсээр байтал улс орон сүйрлээ. Шатахууны хомсдол үүсвэл, валютын эрэлт огцом нэмэгдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Улсын төсвөө цаг хугацаанд нь баталж чадаагүйгээс ирэх оны эхээр төрийн албан хаагчдынхаа цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тавихаас өөр аргагүйд хүрч, улсын эдийн засаг улайж, хөрөнгө оруулалтын ажлууд зогсож, ядуурлын ангал руу нийгмээрээ унавал хэн хариуцлага хүлээх вэ. Үнэндээ Засгийн газрын тэргүүн, УИХ-ын даргаа тонгорч унагана уу, хөмөрч унагана уу, хөлөөр нь чирнэ үү, хөөж явуулна уу тэр нь мөрөөрөө ажлаа хийж амьдарлаа залгуулж байгаа 3.6 сая иргэний нийтлэг эрх ашиг огтоос биш. Тэдэнд тэр албан тушаалыг Готов нь авна уу, Шадав нь авна уу түй ч хамаагүй. Тиймээс Монгол Улсын төлөө, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө гэж тангараг өргөсөн бил үү,  улс төрийн нам дахь аль нэг фракцын төлөө ажиллана гэж тангараг өргөсөн бил үү гэдгээ дахин нэг тунгааж, эрхэм гишүүнийхээ үүргийг нэр төртэй гүйцэлдүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. Эцэст нь төрд сандайлсан хүмүүсээсээ ажлаа хийхийг шаардаж, төрийн ордоноо гороолж байдаг бид мөн үйлтэй улс аа.

https://news.mn/r/2828255/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn