“Биокомбинат” ТӨХХК-д 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд “Биокомбинат” ТӨХХК, “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” УТҮГ-т ажиллажээ. “Биокомбинат” нь 44 нэр, төрлийн шингэн, 21 нэрийн хуурайшуулсан вакцин, 20 оношлуур, гурван төрлийн шингэлэгч үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд Дэлхийн банкны санхүүжилт, Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлээр вирусний гаралтай вакцины технологийг шугаман эсийнхэд шилжүүлж, шингэн вакцины савлагааг автоматжуулах хоёр төсөл хэрэгжүүлж, үйлдвэрийн технологио сайжруулсан байна. Цаашид хуурай вакцины цехэд техникийн иж бүрэн шинэчлэл хийх нэн шаардлагатай бөгөөд үүнд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэйг ажилтнууд нь онцолжээ.
Түүнчлэн “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” нь 2025 онд олон улсын гурван стандартаар итгэмжлэгдэн, өнгөрсөн жил 72 аж ахуйн нэгжийн 419 нэр, төрлийн, 769 цуврал бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийн баталгаажуулжээ. Харин тус лабораторийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг эргэн харах хэрэгтэйг ажилтнууд нь илэрхийллээ.