Уйт намрыг хөглөж, дарцаг шиг дэрвэх сурагчийн баярт өдөр
Магад энэ жил хамгийн удаан хүлээсэн шинэ хичээлийн жил тохиолоо. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хагас жил орчим гэр гэрээсээ онлайн хичээлд суусан хүүхэд багачууд эрдмийн өргөөндөө цуглаж буй нь энэ. Цар тахлын үеийн онцгой нөхцөл үргэлжилж буй учраас сургууль, цэцэрлэгүүд нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Гэвч бяцхан шавь нараа угтаж буй тул бүх боловсролын байгууллага гадна талбайдаа өнгө өнгийн урт дарцаг хэцлэн татаж, төв хаалганыхаа дэргэд “Эрдмийн баярын мэнд хүргэе”,
Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе” зэрэг солонго татуулж, нар мандуулсан мэндчилгээний үг бүхий хулдаасан хэвлэл байршуулжээ. Түүний урд эцэг эхчүүд хүүхдийнхээ зургийг дарж, өөрсдөө ч зургаа татуулж харагдана. Тэдний сэтгэл яг л хичээлийн байрны урд талын дарцаг шиг дэрвэлзэн байна. Онцгой нөхцөл дэх онцгой баярыг сурвалжлахаар Монгол I I I сургуулийг зорилоо.
Сургуулийн төв хаалганы үүдэнд “School police” гэсэн бичиг бүхий ногоон өнгийн хантаазтай хоёр залуу зогсоно. Тэд хаалгаар орж гарах хүмүүсийн хаа хүрэхийг асууж, чиглүүлнэ. Учир нь, нэг анги хоёр дэд бүлэгт хуваагдан хичээллэж буй тул хичээл тарах, орох үед бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор баталсан хуваарийн дагуу сурагчид сургуулийн гурван жигүүрийн хаалгаар орж, гарах аж. Эхний ээлжийн сурагчид хичээлдээ орсон тул сургуулийн орчин харьцангуй нам гүм байлаа.
Сургуулийн зүүн талд байрлах хаалга буюу хуваарьт бичигдсэнээр “Хаалга-3” руу очвол үйл явдал өрнүүн угтав. 1Г, 1В, 4А гэсэн хаягтай жижиг самбар өргөн зогссон багш нарын харалдаа хүүхдүүд шил шилээ харан эгнэн зогсжээ. Тэдний дундаас хүзүүндээ наран шаргал өнгийн жижиг алчуур зүүсэн багачууд нүдэнд тусна. Тэд бол өнөөдрөөс эхлэн нэг хамт олон болж, эрдэмд суралцах 1Г ангийнхан. Одоогоор хичээл , сургуулийн тухай маруухан ойлголттой байгаа тэд жагсаалын дундаас үе, үе ээж аавынхаа зогсох зүг рүү харц шидэлнэ. Охид цагаан цэцэгтэй гоёл үсэндээ зүүж , зарим хөвгүүд сурагчийн дүрэмт хувцас дээр хип хоп малгай хазгайдуухан тавьжээ.
Мөн хүүхэд бүр амны хаалт зүүсэн байх бөгөөд зарим нь цагаан бээлий өмссөн харагдана. Нэг, нэгээр нэмэгдсээр 20 орчим болох үед, самбар барьсан багш хүүхдүүдийг дагуулан хичээлийн танхим руу алхав. Хүүхэд хоцрох, төөрч будилахаас сэргийлэн бас нэг багш ард нь явах аж. Сургуулийн дотор хаалгаар ормогц хүүхэд бүрийн халууныг хэмжиж нэвтрүүлэв. Цонхонд нь бөмбөлөг тогтоож гоёсон, номин ногоон хөшиг, бэхэн цэнхэр сандал ширээтэй анги руу орлоо. Хүүхдүүд гадаа ойролцоо зогсож байснаараа ижилдэн суулаа. Тэр даруй багш “Хүүхдүүд ээ гадуур хувцсаа ангийн ар талд байгаа өлгүүрт өлгөөрэй. Мөн зэрэгцэж сууж болохгүй. Нэг ширээний ард нэг хүүхэд сууна.Ширээнийхээ хэрээсгүй талд нь сууна шүү” гэж тайлбарлав. Энэ зуурт ажвал, ширээний нэг талд улаан туузаар Х тэмдэглэгээ наасан байв. Мөн ангийн хаалганы дэргэд бор өнгийн жижиг т умбо дээр нойтон салфетк, ариун цэврийн цаас, уут дүүрэн нэг удаагийн амны хаалт, эмийн хайрцаг, цагаан өнгийн тоосны алчуур, барааны саван зэрэг ариутгал, цэвэрлэгээний зүйл эгнүүлэн тавьжээ. Хоёрдугаар эгнээний хамгийн урд талд суусан нүдний шилтэйхүү багшдаа баярын мэнд хүргэж, цэцгээ өгөхүйд бусад нь хоцорчихлоо гэж сандрах шиг суудлаасаа яаравчлан бослоо. Шинэхэн шавь нарын хүндэтгэлд бялхаж, тэвэр дүүрэн цэцгийн баглаа барин инээмсэглэн зогсох хөх дээлтэй эмэгтэйг Д.Ариун-Эрдэнэ гэдэг. Тэрбээр 2009 оноос тус сургуульд ажиллаж байгаа бөгөөд өдгөө гурав дахь нэгдүгээр ангиа хүлээн авч байгаа нь энэ. Самбар дээр “9 сарын 1” гэж цагаан шохойгоор бичсэн байх нь сэтгэлд дотнохон.
Хүн бүрийн эрдмийн аялал, амьдралын гэрэл гэгээ ийм гарчигтай эхэлдэг биз ээ. Багш өөрийгөө танилцуулсны дараа “За бүгдээрээ хичээлээ эхэлье. Хамгийн түрүүнд багштайгаа мэндлэх ёстой. Бүгдээрээ суудлаасаа босоорой” гэхэд хоёрдугаар эг нээний ард суусан жаатгар нүдтэй жижигхэн шар хүү, түүний урд талын гөхөл гэзэгтэй булцайсан хацартай бамбагар цагаан хүү боссонгүй. Багш дахин суудлаас аа босохыг хүссэн ч боссонгүй. Арга буюу дэргэд нь очиж, багштайгаа заавал босож мэндлэх ёстойг сануулан хөтөлж босголоо. Ийнхүү бүх сурагч суудлаасаа босож, ширээнийхээ хажуу талд зогссоны дараа ангийн багш нь “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ” гэхэд бяцхан шавь нар нь урьдаар бэлдсэн мэт нэгэн дуугаар “Сайн. Та сайн байна уу” хэмээн мэндэллээ.
Д.Ариун- Эрдэнэ “Бага ангийн багш байна гэдэг сайхан. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд хүүхэд шиг баярладаг. Энэ хавар цахимаар хичээл орсон ч гэсэн хүүхэдтэй харилцах, зааварлахад хүндрэлтэй юм билээ. Энэ жил 42 сурагчтай анги хүлээн авлаа. Есдүгээр сарын 21 хүртэл хоёр дэд бүлэгт хуваагдан хичээллэнэ. Эхний бүлгийнхэнтэйгээ танилцлаа. Маш сэргэлэн, сурах арга барил сайтай хүүхдүүд байна” хэмээн ярьсан юм.
III сургуулийн 1Г ангийн сурагч С.Чойжилсүрэн: Сургуульд сурч болмоор юм байна. Багш ангийн журнал барин, нэр дуудахад, хүүхэд бүр гараа өргөн “Би” хэмээн бүртгүүллээ. Хашир багш тэрхэн зуурт нэр, зүсийг нь тогтоогоод амжив бололтой.
Хүүхэд бүрд цаас тараан өгсөн нь “Би сурагч боллоо. Миний анхны хичээл” гэсэн нэртэй байв . Багш ангийн урд зогсож “Сурагч боллоо” шүлгийг уншиж өгөхөд хүүхдүүдэд таалагдсан бололтой алга ташлаа. Үүний дараа тараах материал дээрх зурлагыг дагаж зурах болон зургийг өнгө ялган будах даалгавар өгсөн юм. Энэ үед сурагч бүр цүнхээ ухаж, өнгийн харандаа үзэг балаа хайж эхлэв. Зарим хөвгүүн цүнхээ газар тавьж тухлах нь тэр. Харин охид жигтэйхэн нямбай, цүнхнийхээ хаана юу байгааг сайн мэдэх аж. Д.Ариун-Эрдэнэ багш хүүхэд бүрийн гарын барин зурлага зурлага зурууллаа. Гэтэл хэн нэгэн мэгших чимээ гарах нь тэр. Хүүхдүүдийг ажвал, өнөөх гөхөл гэзэгтэй “залуу” том, том нулимс бөмбөрүүлэн сууна. Учрыг асуувал “Энэ анги чинь хэзээ тардаг юм бэ” гэж хэлж дуусгалгүй, үргэлжлүүлэн уйлав.
Түүнийг М.Төгсжаргал гэх бөгөөд хэдий уйлсан ч дэвтэр дээрх зургаа хичээнгүйлэн будах нь хайр хүрэм. Багш нь хэдэнтээ аргадсаны дараа бага зэрэг тайвширлаа. Гэтэл бас нэг охин “Өнгийн харандаагаа мартсан тул зургаа будаж чадахгүй байна” гээд хошуугаа унжуулж орхив. Цэцэрлэгийн ширээнээс дөнгөж өндийсөн ээж аавын эрх танил үрсэд номын дуу сонсгож, сурагч болгон хүмүүжүүлнэ гэдэг хүндхэн ажил юм санж. Гэвч мэргэжилдээ дурласан Д.Ариунтуяа бүсгүй огтхон ч түүртэлгүйгээр хүүхэд бүрийн ааш зан, нөхцөл байдалд тохируулан тун ч эвлэгхэн харилцана. Энэ зуурт шинэхэн сурагчдын сэтгэгдлээс сонслоо.
Нэгдүгээр салааны гуравдугаар ширээнд суух хүүг С.Чойжилсүрэн гэдэг аж. Тэрбээр “Би өмнө XVII цэцэрлэгт сурч байсан. Сургуульд орох гэж зөндөө бэлдсэн. Ангийн хүүхдүүд таалагдлаа. Ер нь сургуульд сурч болмоор юм байна. Маргааш хичээлдээ ирнэ ээ” хэмээн хэвлүүхэн ярих нь өхөөрдөм. Түүний зэргэлдээ ширээнд суух янзаган нүдтэй охиныг М.Амин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр “Би энэ охины үсийг шар харандаагаар будна. Цамцыг нь хөхөөр будчихъя. Сургуульд орж байгаа учраас онц сурахын тулд эрч хүчтэй, сайн зурах хэрэгтэй шүү дээ.
Бас уйлж байгаа найзыгаа шоолж болохгүй, тийм ээ” гэж ирээд инээмсэглэлээ. Түүний инээмсэглэл шиг гэгээхэн бас хөөрхөн зураг хүүхэд бүрийн ширээн дээр дэлгээстэй харагдана . Харин өчигдөрхөн ээж, аав, эмээ өвөөдөө эрхлэн гэртээ тонгочиж байсан балчир үрс дүрэмт хувцсаар жигдрэн, сургуулийн босго алхаж, бяцхан зүрхэндээ “Онц сурч, сайн хүн болно доо” гэсэн итгэлийн гал өрдөн чадах чадахаараа мэрийж суугааг харахад хайр, бахархал эрхгүй төрнө.
Бүгдийг гэгэлзүүлсэн есдүгээр сарын 1 Бидний дараагийн зогсоол ерөнхий боловсролын XVI сургууль байлаа. Сургуулийн хашаа руу ормогц цэцэг барьсан охид, хөвгүүд хаа сайгүй үзэгдэнэ. Ерөөс энд байгаа хүн бүр барьсан цэцэг шигээ гоёхон. Өчнөөн сар хүлээсэн албандаа ирж буй үрсийн инээд хөөрийг юутай ч зүйрлэмгүй . Зунжин дүн хийсэн сургуулийн барилга эгээ л үлгэрийн байшин мэт гялтганах нь уу гэлтэй. Хүүхдийн инээд хөөр, эрч хүч гэдэг тийм л дулаахан бас гэгээлэг. Шинэхэн, цэмцгэр дүрэмт хувцастай, цэх, гоолиг охидын алхаа, нуруулаг хөвгүүдийн жавхааг харсан хэнбугай ч хүүхэд насаа нэхэн санаж, тэртээх намрын өдрүүд ээр аялмаар.
Сургуулийнхаа шаар дотор ягаан, цэнхэр өнгө хослуулан жартаа зурсан нь бага ангийн охидод ихэд таалагдах аж. III, IV анги болов уу гэмээр хоёр охин тун ч найрсгаар ээлжлэн, үсрэн тоглоно. Тэдний тоглохыг харан үеийн гурван хөвгүүн зогсоно. Юуг ч юм шивнэлдэн зогссоноо гэнэт пис хийтэл инээж, хөөцөлдөж эхэллээ. Тэдний нэгнээс найзуудтайгаа уулзаад гоё байна уу гэж асуухад “Би үгээр илэрхийлж дийлэхгүй нь ээ. Хэрвээ хичээл ахиад л орохгүй бол би гомдох байсан” гээд яриагаа дуусгалгүй нөхдийнхөө араас гүйж одов. Хүүхдийн цагаан инээд цангинасан энэ орчинд хэсэгхэн саатахуйд эрч хүч аяндаа ундармаар. Хичээлийн байрны дэргэдэх саравч болон хүлээлгийн сандал дээр ахлах, дунд ангийн сурагч хэсэг хэсгээрээ зуны амралтын сонин сайхнаа хуучлан суух аж.Тэдний яриа чихэнд тодхон “Хөөх чи үсэндээ сор тавиулчихсан юм уу.
Танайхан Хөвсгөл явсан байна лээ тээ. Гоё байсан уу. Чи бүр зөндөө турчихжээ” гэх мэтээр нэгнээ сонжсон, санасан үгс хөвөрнө. Харин сургуулийн төв хаалганы дэргэд хэсэг хэсэг дугуй үүссэн байх нь сонирхол татлаа. Нэг хэсэг дунд багш бололтой, хавтас сугавчилсан нэг том хүн болоод 10 орчим хүүхэд байв. Тэдний зүг очвол, нэгдүгээр ээлжийн бүлэг тарж, эцэг эхэд нь хүлээлгэн өгч байгаа нь тэр ажээ. Багш бүр хүүхэд авахаар ирсэн хүнээр тусгайлан бэлдсэн нэрсийн жагсаалтад гарын үсэг зуруулах бөгөөд маргаашийн хичээлийн хуваарь , ирж авах цагийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч байв. 2 Дангийн багш Н.Сайнбаяраас шинэ хичээлийн жилийн талаарх сэтг эгдлийг асуухад “Ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад маш сайхан тбайна. Хүүхдүүд маань ч намайг их санаж. Эд нар маань II анги нэртэй болохоос бараг л I ангийн хүүхэд гэсэн үг шүү дээ.
Дөнгөж зүгширч байхад нь хөл хорио тогтоож, цахимаар хичээллэсэн. Зарим нь бичих дөргүй болоод иржээ. Цаашдаа танхимаар хичээллэвэл хэдэн хүүхдэд маань хэрэгтэй юм даа. Эхний ээлжийн хүүхдүүд маань 08:00 цагаас хичээлдээ ороод, тарж байна. Би 14 жил багшилсан. Энэ жил илүүтэй догдоллоо” гэж ярилаа. Магад энэ өдрийн хамгийн тод од нь ардын багш байдаг гэлтэй. Дээл тэргүүтнээр гоёж, салбарын тэргүүнээ энгэртээ гялалзуулан, шавь нарынхаа бэлэглэсэн цэцгийн баглаанд төрийн шагнал авсан мэт хөөрөн хөл газар хүрэхгүй яваа нь энгийн хэрнээ эрхэмсэг.
Багшдаа бэлэглэх цэцгээ энгэртээ нандигнан тэвэрсэн сурагчийн сэтгэл, энхрий үрээ эрдмийн аянд мордуулж, эгээ л тэдэнтэйгээ ижилхэн гэгэлзэх эцэг эхчүүдийн догдлол, даанч удаан хүлээсэн багш шавийн учран золгохын баяр гээд хорвоогийн гэгээн бүхэн бялхсан ийм нэгэн өдөр есдүгээр сарын 1-нд тохиодог. Хүн бүр энэ баяр жаргалыг амталж, тэр өдрийн гэгээхэн мөрөөдлөөрөө жигүүрлэн өнөөдрийн өндөрт хүрсэн учраас хүүхэд, хөгшидгүй гэгэлздэг гэлтэй. Бидний баяр дээр баяр нэмэх шиг тасралтгүй усан нүдэлсэн Улаанбаатарын тэнгэрээс шаргал наран мишээж байлаа.