Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ Мэдээ мэдээлэл Өчигдөр, 19:52 11 Хуваалцах Өвөр Монгол ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй бөгөөд Хятадын эрчим хүч, стратегийн чухал нөөцтэй юм. “Хятадын Үндэсний эрчим хүч, стратегийн чухал нөөцийн бааз байгуулах” стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Өвөр Монгол ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн шинэ үе шатны ажлыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тархай бутархай нөөцүүдийг нэгтгэн зохион байгуулж, нөөцийг хэмнэлттэй, цогц, үр ашигтай ашиглах түвшнийг тасралтгүй дээшлүүлж байна.Үүний зэрэгцээ Өвөр Монгол ашигт малтмалын олборлолт, ашиглалтыг экологийн орчны хамгаалалттай уялдуулан, уул уурхайн салбарын ногоон, нүүрстөрөгч багатай шилжилтийг эрчимтэй ахиулж байна. Ашигт малтмал ашиглах эрхийг нэгтгэх, ногоон уурхай байгуулах, нөөцийг эргэлтэд оруулан дахин ашиглах зэрэг арга хэмжээнд тулгуурлан, ашигт малтмалын нөөцийг зөвхөн олборлон борлуулахаас илүүтэйгээр үйлдвэрлэлийн бүх үе шатанд үнэ цэнийг нь нэмэгдүүлэн ашиглах чиглэлд шилжүүлж байна. Ийнхүү байгалийн баялгийн хосгүй давуу талаа эдийн засгийн тогтвортой өсөлт, өндөр чансаатай хөгжлийн давуу тал болгон үе шаттайгаар хувиргаж байна.Олон талын хамтын хүчээр хайгуулын ажлыг ахиулж, баялгийн гүн боловсруулалтыг хөгжүүлнэ. Өвөр Монгол Бүх Хятадын ашигт малтмалын нөөцийн төлөвлөлтийг удирдлага болгон, ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулахдаа “Төв засгийн газрын чиглүүлэг, орон нутгийн дэмжлэг, нийгмийн олон талын оролцоо” бүхий санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлжээ. Төрийн болон нийгмийн олон талын хүчийг нэгтгэн ажилласны үр дүнд нүүрс, төмрийн хүдэр, лити, зэс, алт зэрэг нөөцийн давуу талтай болон хомсдолтой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ихээхэн нэмэгдсэн байна. Тухайлбал, нүүрсний нөөц бараг 20 тэрбум тонн, төмрийн хүдрийн нөөц 1.2 тэрбум тонн, хайлуур жоншны нөөц 300 сая тонноор тус тус нэмэгджээ. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр Хятад улсын эрчим хүч болон стратегийн чухал нөөцийн аюулгүй байдлын баталгааг улам бэхжүүлж байна.Геологийн нөхцөл улам бүр нарийн төвөгтэй болж, ашигт малтмалын шинэ орд илрүүлэхэд тулгарч буй хүндрэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Өвөр Монгол хиймэл оюун ухааны технологийг ашиглан, Өвөр Монгол орон олон жилийн турш хуримтлуулсан геологи хайгуулын 2,000 гаруй тайлангийн мэдээллийг нэгтгэж, Хөлөнбуйр, Хянган зэрэг зургаан томоохон бүсийн геологийн мэдээллийг иж бүрэн стандартчилсан байна. Үүний үндсэн дээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны ашигт малтмалын нөөцийн их өгөгдөлд суурилсан мэдлэгийн граф болон хайгуулын ухаалаг таамаглалын том загварыг бүтээжээ. Олон эх сурвалжаас цуглуулсан өгөгдлийг хиймэл оюун ухаанаар шинжлэн, нэгтгэснээр ашигт малтмалын орд илрүүлэх боломжийг ухаалгаар таамаглаж, хайгуулын нарийвчлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлыг бууруулж байна. Ийнхүү уламжлалт гар ажиллагаанд тулгуурласан хайгуулын аргаас өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг таамаглалын арга руу шилжиж байна.Ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монгол олборлосон баялгийг орон нутагтаа боловсруулж, гүнзгий боловсруулалтын түвшнийг дээшлүүлэхийг дэмжиж байна. Мөн “олборлолт, баяжуулалт, металлургийн боловсруулалт, эцсийн боловсруулалт” -ыг нэгтгэсэн уул уурхайн групп болон аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлж, “ашигт малтмалын орд бүхий бүс нутаг”-ыг “эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх бааз” болгон өргөжүүлж байна.Улаанхад хотын зэс, хар тугалга, цайр, цагаан тугалга зэрэг өнгөт металлын нөөц Хятад улсын хэмжээнд тэргүүлэх байранд ордог бөгөөд уул уурхай болон холбогдох салбаруудын үйлдвэрлэлийн нийт өртөг 100 тэрбум юаниас давжээ. Улаанхадын Бэйбү мөнгө, хар тугалга, цайр, зэсийн олон металлын бааз, Бугатын Баян-Овоогийн төмөр, газрын ховор элемент, алтны бааз, Баяннуурын зэс, хар тугалга, цайрын олон металлын бааз зэрэг эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх хэд хэдэн бааз Өвөр Монголд бүрэлдэн тогтож, баялгийн нөөц ба аж үйлдвэрийн хөгжлийг уялдуулан, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөжүүлж байна. 2025 онд Өвөр Монголын томоохон хэмжээний аж үйлдвэрийн дотор, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оныхтой харьцуулахад 5.0 хувь, металл бус эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7 хувь, хар металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 6.7 хувь, өнгөт металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 7.7 хувиар тус тус өсжээ. Ашигт малтмалыг гүнзгий боловсруулж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний бүх шатны хөгжлийг эрчимжүүлэх замаар Өвөр Монгол ашигт малтмалын нөөцийг өндөр үр ашигтай, чанартай ашиглан хөгжүүлэх ажлыг ахиулж байна.Тархай бутархай нөөцийг нэгтгэж, хэмнэлттэй, цогц ашиглалтыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн салбар дахь жижиг, олон тооны, тархай бутархай уурхайн асуудлыг шийдвэрлэхийн тулд Өвөр Монгол нүүрсний бус уурхайнуудыг хамруулан “нэг хэсгийг нэгтгэн өөрчлөн зохион байгуулах, нэг хэсгийг хааж татан буулгах, нэг хэсгийг шинэчлэн сайжруулах” арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байна.Статистик мэдээллээс үзэхэд, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын нүүрсний бус уурхайнуудын тоо 298-аас 187 болж цөөрсөн бөгөөд 47 жижиг уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Өвөр Монгол 2030 он гэхэд орон нутгийн хэмжээнд дунд болон том хэмжээний нүүрсний бус уурхайнуудын эзлэх хувийг 50 хувиас дээш хүргэхийг зорьж байна. Ингэснээр уул уурхайн нөөцийг олборлон ашиглах үйл ажиллагааг үндсэндээ томоохон цар хүрээтэй, төвлөрсөн, ухаалаг, ногоон хөгжлийн загварт шилжүүлэх юм.Нүүрсний бус уурхайнуудыг нэгтгэхийн зэрэгцээ Өвөр Монгол нүүрсний уурхайн бүсүүдийг нэгтгэн цогцоор нь ашиглах ажлыг мөн эрчимтэй урагшлуулж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол нүүрсний олборлолтын байршил, бүтцийг цаашид оновчтой болгож, эрчим хүч, баялгийн бааз, Налиньсилийн уурхай, Хэйшань уурхай, Налиньхэ уурхайн бүсэд стратегийн ашигт малтмалын нөөц болон цогцолбор нүүрсний уурхайн эрхийг түлхүү олгоно. Үүний зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд одоо байгаа нүүрсний уурхайн ашиглалтын явцад үлдсэн захын болон завсрын хэсгүүдийн нөөцийг үе шаттайгаар ашиглалтад оруулна.Ногоон уурхай байгуулж, уул уурхайн салбарын чанартай хөгжлийг ахиулна. Өвөр Монголын Өөртөө Засах Орон ногоон уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг цаашид бэхжүүлэх тухай мэдэгдэл”, “Өөртөө засах орны ногоон уурхайн бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бүрдүүлэх тухай мэдэгдэл”, “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих бодлогын хэд хэдэн арга хэмжээ” зэрэг бодлогын баримт бичгийг дараалан батлан гаргажээ. Үүний хүрээнд ногоон уурхай байгуулахад шаардагдах газрын зардлыг бууруулах, өндөр технологийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон уурхайн онцлогт тохирсон зээлийн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, Өвөр Монголд ногоон уурхайн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд бат бөх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.Үүний зэрэгцээ “Өвөр Монголын Өөртөө Засах Орны ногоон уурхайн бүтээн байгуулалтын үнэлгээний үзүүлэлт”-ийг боловсруулж, нүүрс, металл бус ашигт малтмал, алт зэрэг салбарыг хамарсан орон нутгийн 9 стандартыг батлан гаргаснаар ногоон уурхайн бүтээн байгуулалтыг стандартын дагуу хэрэгжүүлэх техникийн үндэс суурийг бэхжүүлжээ. Өвөр Монголын “ногоон” уурхайн бүтээн байгуулалтын агуулга өргөжиж, технологийн инновацын үр дүнд бий болсон ногоон үйлдвэрлэлийн салбарыг хамрах болжээ.“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын хэмжээнд олборлолт явуулж буй уурхайнуудын экологийн нөхөн сэргээлт, засварлан сайжруулах ажлыг нийт 1,100 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд хийж гүйцэтгэжээ. Ингэснээр жил бүрийн нөхөн сэргээлтийн талбай нь уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн талбайн хэмжээнээс давсан байна. Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд нийт 442 ногоон уурхай байгуулагдсаны 73 нь Хятад улсын түвшний ногоон уурхай юм. Энэ үзүүлэлтээрээ Өвөр Монгол Хятад улсдаа тэргүүлэх байруудын нэгт багтаж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол томоохон уурхайнуудын 90 хувь, дунд хэмжээний уурхайнуудын 80 хувийг ногоон уурхайн стандартад нийцүүлэх зорилт тавьжээ. Редактор : Х.АРВИНТАЛскачать dle 12.0 11 Хуваалцах Facebook Twitter