СОНГУУЛЬ: Гуравдугаар сард Ерөнхийлөгчийн суудалд "хэн" залрах вэ?

11

У.Хүрэлсүхийг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын тогтоолоор Ерөнхийлөгчөөс чөлөөлөв. Одоо  түүний суудалд хэн залрах вэ? гэдэг сонгуульт ажил хэдийнээ хөшигний ард эхэлжээ.
Харин Төрийн тэргүүний үүргийг УИХ-ын дарга С.Бямбацогт шинэ Ерөнхийлөгч тодортол хавсран гүйцэтгэх юм. 1993 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгууль ээлжит сонгууль болсон. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ дуусгавар болохоос өмнө ажлаа хүлээлгэж өгсөн анхны хүнээр тодров. 
Ингэснээр, УИХ яаралтай Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлаж, сонгуулийн тов тогтоох хуулийн зохицуулалттай.
Үндсэн хууль: Гучин долдугаар зүйл.
  • 2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль: 4 дүгээр зүйл
  • 4.2.2."ээлжит бус сонгууль" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/ огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд явагдах сонгууль
Эл хуулийн дагуу бол санал хураалтыг хамгийн ойрын хугацаанд буюу гуравдугаар сарын 19-нд товловол намууд нэр дэвшүүлэх ажиллагааг хоёрдугаар сарын 7–9-нд явуулах болж байгаа юм. Нэр дэвшигчид гуравдугаар сарын 3-нд үнэмлэхээ авч, сурталчилгаа гуравдугаар сарын 18-ны 00:00 цагт дуусна. Санал хураалтыг хоёрдугаар сарын эхээр товловол нэр дэвшүүлэх ажиллагаа 12 дугаар сарын сүүлээр эхэлнэ. Аль ч хувилбараар намууд нэр дэвшигчээ 12 дугаар сарын сүүлээс хоёрдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд тодруулах шаардлагатай.
Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид албан бусаар тодорч, олон хүн ил, далд нэр дэвшихээ илэрхийлээд байсан билээ.  Тухайлбал, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Ганбат нарын гишүүд өрсөлдөхөө зарлаад байгаа бол МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Занданшатар, Ж.Энхбаяр нарын хүмүүс өрсөлдөнө хэмээсэн.
Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай таван нам оролцох эрхтэй. Тиймээс МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гэсэн намууд УИХ-ын сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлж, оролцох уу, аль эсвэл аль нэг намтай хамтран оролцох уу гэдэг нь одоогоор шийдэлд хүрээгүй байна.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 26 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.7-д ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар заасан байдаг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn