Нийтийн тээврийн хэрэгслийг 123.6 сая төгрөгөөр бүрэн камержуулсан ч халаасны хулгай буурсангүй

422

 
Хүн амын төвлөрөл ид эхэлж, нийтийн тээврийн хэрэгслийн тоо цөөн байхад буюу 30-аад жилийн өмнө халаасны хулгайн гэмт хэрэг гаарч байлаа. Шинэ цүнх үүрч гараад зүсүүлчихдэг, тэтгэврийн хэдэн цаасаа өвөртөлж яваад суйлуулчихдаг байсан гэх. Түүнчлэн бохир үйлдлийг нь таслан зогсоосон, бусдад мэдээлсэн хүнийг айлган сүрдүүлэх, бие махбодод хүнд хөнгөн хэлбэрийн гэмтэл учруулах, араас нь дагах, бүлэглэн зодох гэх мэт балмад үйлдэл гаргадаг тухай сэтгэл сэртхийлгэм яриа амнаас ам дамжсаар өнөөдөртэй золгожээ. Гэхдээ тэр үед халаасны хулгайчийг гадна төрх, хувцсаар нь таньж болохуйц байлаа. Харин орчин цагт төрийн албан хаагч шиг төв цэх, урлагийн зүтгэлтэн шиг дэгжин хувцасласан нөхөд хүний халаас тэмтчдэг болсон нь харамсалтай. Төдийгөөс өдий хүртэл угжран даамжирч, цэцэглэн хөгжсөн халаасны хулгайн гэмт хэргийн үйлдэгдэж буй орчин төдийлөн өөрчлөгдсөнгүй. Учир нь, халаасны хулгайн гэмт хэргийн тэн хагас нь нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдэгддэг байна.
Мэдээлэл, технологи хөгжсөн шинэ зуунд иргэд “Аз жаргалтай” хотынхоо “Аюулгүй” нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ гэмт хэргийн хохирогч болсоор байгаа нь энэ. Автобусны хяналтын камерууд хангалттай ажиллахгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг гааруулах шалтгаан болдог аж. Гэтэл ердөө жил гаруйн өмнө нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч том оврын автобуснуудыг бүрэн камержуулсан гэх. Иймд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга нарын хамтарсан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобус, троллейбусуудад суурилуулсан хяналтын камерын ашиглалтын байдалд хамтарсан шалгалт хийлээ. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт “Атибус” ХХК-д хяналт, шалгалт зохион байгуулсныг сурвалжлан хүргэж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд доголдол үүсгэхгүй, тухайн байгууллагын үйл ажилагаанд хүндрэл үүсгэхгүйн тулд автобус үйлчилгээнд гарахын өмнө болон үйлчилгээнээс бууж, баазад ирэх цагаар хяналт, шалгалт хийв. Шалгалтын багийнхан баасан гарагийн 21:30 цагийн үед Нийслэлийн цагдаагийн удирдах газрын төв үүднээс хөдлөв. Машины урд талын суудалд Урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б. Алтанзул суужээ.
Тэрбээр, автобус баазын хаяг, утас бүхий нэрсийн жагсаалтад хэдэнтээ тэмдэглэгээ хийж, багийн гишүүдтэй зөвлөлдсөний эцэст “Атибус” компанийг зорилоо. Хөл хөдөлгөн дундраагүй хэдий ч гэрлэн дохионоос бусдаар зогссонгүй. Бид явсаар Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт ирлээ. Дулааны гуравдугаар цахилгаан станцын араар тойрч, өндөр саарал цементэн хашааны дэргэд ирсэн нь тус бааз байв. Төв хаалганы баруун тал дахь том оврын автобус угаах зориулалттай гарааж нүднээ тусав.
Автомат шал угаагчийг санагдуулам тоймгүй олон сэгсгэр, үслэг зүлгүүртэй аж. Өнгөө алдаж сааралтсанаас үзвэл өдөр бүр хэр тоос, тос масло болсон машин техник угаадаг нь илт. Ихэнх нь хана, таазнаас зүүлттэй байгааг харвал автоматаар угаадаг бололтой. Баазын хашаанд орж, “Тээврийн хяналт, зохицуулалт” гэсэн хаяг бүхий байшингийн өмнө буулаа. Жолооч нар өглөө ажилд гарахдаа эндээс замын хуудсаа авч, орой буухдаа бүртгүүлдэг журамтай. Эхний ээлжийн автобусууд бааздаа ирж, жолооч нар замын хуудастаа тэмдэглэгээ хийлгэн, ажил ид өрнөж байлаа. Энэ удаагийн хяналт, шалгалтын бүрэлдэхүүнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийтийн тээврийн үйлчилгээний Хяналт шалгалтын хэлтэс, “Улаанбаатар смарт карт” ХХК-ын IT инженер зэрэг төлөөлөл ажилласан юм.
Биднийг очиход бааздаа ирсэн автобуснуудын хяналтын камерт хяналт шалгалт хийсний дараа үйлчилгээнээс орж ирж буй автобусыг нэг нэгээр нь шалган нэвтрүүлэх горимд шилжив. Шил шилээ даран зогссон том оврын тээврийн хэрэгслийн нүргэлсэн дуу анх сонсож буй хүний чихэнд нэн төвөгтэй. Дэргэдэх хүнтэйгээ хашхирах шахам ярилцаж, ойлголцов.
ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТУСГАЛЫГ ӨӨРЧЛӨХ, ХӨШИГ, ТОЛИОР ҮЗЭГДЭХ ОРЧИНГ ХЯЗГААРЛАХ ЗӨРЧИЛ ИЛРЭВ
Хамгийн эхний автобус “Сүлжмэл, Богд-Ар хороолол, Нарны гүүр, Дунд гол” чиглэлд зорчдог шар өнгийн автобус байв. Жолоочийн бүхээгийн цонхон талын хананд суурин интернэтийн төхөөрөмж мэт жижгэвтэр, дөрвөлжин хар хайрцаг байх бөгөөд ногоон, улаан гэрэл анивчиж харагдана. Тэр бол хяналтын камерын бичлэг хадгалах хэсэг юм. “Улаанбаатар смарт карт” ХХК-ын IT инженер тус төхөөрөмжид хяналтын дэлгэц холбоход хяналтын камерын тусгал, дурангийн томруун эсэх тодрон харагдана. Мөн дүрс бичлэг хадгалах зориулалт бүхий DVR, Сим карт байгаа эсэхийг шалгав. Хяналт, шалгалтын багийн бусад гишүүд дэлгэцийг анхааралтай ажиглан, үйл явцтай танилцсаны дараа, биечлэн явж хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгалаа. Тус автобусны дөрвөн камер хэвийн ажиллаж байгаа хэдий ч нэгдүгээр камерын тусгалыг өөрчлөх гэж оролдсон тухай Авто тээврийн улсын байцаагч дурдлаа.
Ийнхүү шалгаж дууссаны дараа автобусны марк, чиглэл бүхий жагсаалтыг нэг бүрчлэн тэмдэглэж, баталгаажуулав. Дараагийн автобусанд хяналтын төхөөрөмж залгахад IT инженерийн гар дахь дэлгэцэнд дөрвөн камерын үйл ажиллагаа орж ирлээ. Гэвч дүрс бүрсгэр, сарнисан байдалтай байв. Ийм байж болохгүй тухай хяналт, шалгалтын багийнхан жолоочид сануулж, шалгалтын хуудастаа тэмдэглэв. Энэ талаар жолооч н.Мөнхөө “Дэлгэцийг хараад л мэдлээ. Түүнээс бид хяналтын камерын нарийн учрыг мэдэхгүй. Энэ гэрэл нь анивчиж байвал ажиллаж байна гэж ойлгодог. Зорчигчид камер дээр бохь наасан эсэхийг бол цэвэрлэгээ, үйлчилгээ хийхдээ шалгадаг” хэмээн ярив.
Түүний хариултаас жолооч нар хяналтын камерын талаар мэдлэг дутмаг санагдав. Ахин нэг жолоочтой ярилцахад “Цацагтай хөшиг зүүх,толиор хааж болохгүй талаар жолооч нарт сануулдаг. Тэр дүрмээ л баримталдаг, түүнээс бусдыг нь мэдэхгүй. Өглөө бүр шалгах механик автобусыг шалгаж ажилд гаргадаг. Мөн дотоодын шалгалтын ажилтан бий” гэсэн юм. Харин “Атибус” компанийн дотоод хяналт, шалгалтын ажилтан Б.Бат-Оргилоос байгууллагын зүгээс хяналтын камерын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулахад “Манай компани дөрвөн чиглэлд 44 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 34 нь өдөр тутам үйлчилгээнд гарч байна. Байгууллагын зүгээс сар бүр хяналтын камерын үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийж, эвдэрсэн DVR, hard диск илэрвэл “Улаанбаатар смарт карт” ХХК-руу дуудлага өгдөг.
Өнгөрсөн сарын үзлэгээр 44 тээврийн хэрэгслээс 36 нь хэвийн ажиллагаатай гэж бүртгэгдсэн. Найман тээврийн хэрэгсэлд hard болон DVR диск хүлээлгэж өгөөгүй байсан тул “Улаанбаатар смарт карт” ХХК-д албан бичиг хүргүүлсэн” хэмээн тайлбарласан юм. 23:00 цаг нэлээд өнгөрөхөд үйлчилгээнээс бууж буй автобусны тоо олширч, шалгалтад орохоор эгнэн зогссон цуваа улам уртсав. Хяналт, шалгалтын багийнхан тун ч нухацтай хэлэлцэж, ярилцан, замын хуудас барьсан жолоо нар нааш цааш хөлхөж “Атибус” ХХК-ын автобус баазын урд талын жижигхэн талбайд өдөр мэт ажил ундран байлаа.
Энэ үеэр Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн Автотээврийн улсын байцаагч Б.Алтаншагайгаас шалгалтын явцын талаар тодруулахад “Одоогийн байдлаар шалгавал зохих 44 тээврийн хэрэгслээс 30 орчмыг шалгаад байна. Камерын үйл ажиллагаа харьцангуй хэвийн байна. IV камер буюу заалнаас зорчигч руу тусаж буй камерын утсыг таслах, бохь наах болон зарим камерын тусгалыг халхлах зэрэг зөрчил илэрлээ. Арын камерын тухайд зорчигчдын үйл ажиллагаанаас болдог тал бий. Харин жолоочоос төхөөрөмж рүү харж буй камерын тухайд жолооч нар санаатай, санаандгүй байдлаар толь нааж, хөшиг татах зэргээр үзэгдэх орчинг хязгаарлан, тусгал өөрчилдөг” хэмээв. Хяналтын камер нь ажиллахгүй байсан автобусны жолоочоос асуухад “Хоёр сарын өмнө нь hard дискийг нь засуулахаар “Улаанбаатар смарт карт” ХХК-д өгсөн. Бараг өдөр бүр шахам залгаж, сануулдаг шүү дээ. Ер нь камер шалгах хэрэг маш их гардаг.
Тэгээд бичлэг хийхгүй байгаа учраас би бурууддаг. Хэвийн ажилладаг болчихвол хардагдаж сэрдэгдэхгүй амар байна” гэсэн юм. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн инженерээсэнэ тухай лавлахад “Инженерүүд баруун, зүүн хоёр чиглэлд хуваагдан ажилладаг. Эвдрэлтэй төхөөрөмжийг засварчдад хүлээлгэн өгдөг. Сэлбэг, хэрэгсэлгүйн улмаас уддаг байх. Бид засдаггүй учраас мэдэхгүй байна” гэсэн юм.
Угтаа бид бүрэн камержсан, аюулгүй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх учиртай ч бодит байдал эсрэгээрээ. Шийдлээ хүлээсэн олон асуудал шалгалтад орохоор хүлээн зогсоо автобуснаас ч урт дараалал үүсгэжээ.
НИЙТИЙН ТЭЭВЭР ХАЛААСНЫ ХУЛГАЙН НИЙТЛЭГ ОРЧИН БОЛСООР БАЙХ УУ
Улаанбаатар хотод 22 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобус, троллейбус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй. Иргэдийн ихэнх нь ажил, сургуульдаа дээрх унаагаар хөл залгуулдаг. Ажил, хичээл цуглах үеэр нийтийн тээврийн ачаалал улам ч ихэснэ.
Түүнчлэн хяналтын камерын үйл ажиллагаа хангалттай бус. Эндээс харвал, нийтийн тээврийн хэрэгсэлд халаасны хулгайн гэмт хэрэг тасрахгүй байх нь аргагүй мэт. Хулгай хийх ур чадварыг мэргэжил лугаа эзэмшсэн хүмүүс хаана, ямар сул тал байгааг олж мэдэх нь зовлон биш шүү дээ. Хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилт тавин иргэдээ нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалах болсон. Гэвч зорчигчдод аюулгүй, тав тухтай зорчин бүрдүүлээгүй хэвээр. Тодруубал, энэ оны эхний есөн сарын байдлаар халаасны хулгай, эд зүйлээ алдсан 2100 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 50 орчим хувь автобусны буудал орчимд болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор үйлдэгджээ. Түүнчлэн жил, хоёр сарын өмнө гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор холбогдох байгууллагууд хэлэлцэж зөвлөлдөн “Улаанбаатар смарт карт” компаниас 123.6 сая төгрөгөөр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч том оврын автобусыг бүрэн камержуулсан байна.
Гэвч автобус тойрсон хэрэг зөрчил буураагүйгээс гадна, бөөн зардал чирэгдэл болж суурилуулсан хяналтын камерууд эвдэрч, гэмтсэн гэх. Ийм нэгэн логик холбоо муутай дүр зураг нийтийн тээврийн үйлчилгээ орчимд эргэлдэж байна. Түүнчлэн “Автобусанд эд зүйлээ алдаад хяналтын камер шүүлгэнэ гэдэг үлгэрийн далай юм билээ” гэж ярих иргэд захаас аваад замаар дүүрэн бий. Ямартаа л автобусанд суухдаа цүнх савтайгаа элгэндээ тэвэрч, хамаг хэрэгтэй зүйлээ гартаа атгаж явах билээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Хамтарсан хяналт, шалгалтыг энэ сарын 17-20-нд зохион байгуулна.
Автобус компаниудын хяналтын камер ашиглалтыг шалгах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжчилж байна. Учир нь, энэ оны эхний 9 сарын байдлаар халаасны хулгай, эд зүйлээ алдсан гэх 2100 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 1043 тохиолдол буюу 49.6 хувь нь автобусны буудал болон том оврын автобус дотор эд зүйлээ алджээ. Ийм учраас Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс судалгаа хийж, нийтийн тээврийн хэрэгслийн хяналтын камер яагаад бүрэн ажиллахгүй байгааг тогтоохоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнгөрсөн онд Нийсэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас “Нийтийн тээврийн хэрэгсэлд мөрдөх камерын ашиглалтын журам” боловсруулан, тус оны тавдугаар сарын 30-наас мөрдөж эхэлсэн.
Тус ажлын хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-аас 123,6 сая төгрөгийн санхүүжилтээр автобус бааз 1, 2, 3, “Эрдэм транс”, “Автобус нэгтгэл”, “Сутайн буянт”, “Тэнүүн-Огоо”, “Атибус” гэх мэт 18 ААН-ын 1227 автобусанд хяналтын камер суурилуулан, бүрэн ашиглалтад оруулж, лац, тэмдэг тавин хүлээлгэж өгсөн. Гэтэл өдгөө эвдрэл, гэмтэл гарч эхэлсэн төдийгүй халаасны хулгайн гэмт хэрэг буурсангүй. Хяналт, шалгалтын явцад жолоочийн урд талын камер ажиллахгүй, утсыг нь гэмтээх, харагдуулахгүй байх үүднээс бохь наах, бичлэг хийх сим картыг авах, зэрэг зөрчил илэрч байна. Хэн хаана буруутайг тогтоож, зохих арга хэмжээ авна. Одоогоор нэгдсэн дүн гараагүй учраас дүгнэлт хэлэхэд эрт байна” хэмээв. Мөн хяналт шалгалтын багийнхны зүгээс торгож, шийтгэхээс илүүтэй асуудлын шалтгааныг илрүүлж, үйл ажиллагааны аль шатанд доголдол үүсэж байгааг ул суурьтай тогтоосны дараа арга хэмжээ авна гэдгийг онцолж байлаа.
ЗОРЧИГЧООС БЭЛЭН МӨНГӨ АВАХЫН ТУЛД ЖОЛООЧ НАР ХЯНАЛТЫН КАМЕРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛДӨГ ҮҮ
Монголын хууль гурав хоног гэдгийн үлгэрийг давтах шиг хэдэнтээ журам баталж, хөрөнгө хаяж камержуулсан ч үр дүн гарсангүй. Өнгөрсөн хугацааны олон мянган ажилчдын хөлс хүч, хичээл зүтгэл салхинд хийсэж буйг нүдээр үзэв. 10,20 жилийн дараа бус арван хэдхэн сарын дараа цоо шинэ камерууд эвдэрчихнэ. Түүнийг нь эд хариуцагч жолооч мэдэхгүй байна гэхээр хачирхалтай. Нэг автобусны урд талд хоёр, хойд талд хоёр буюу нийт дөрвөн камер ажиллаж байх учиртай. Хойд талын камерын тухайд, саваагүйтсэн хүүхэд эсвэл халаасны хулгайч зориудаар бохь наах, утас таслах зэргээр хяналтын камерын үйл ажиллагааг алдагдуулдаг байж. болох ч жолоочийн бүхээг дэх камерын үйл ажиллагааг хэн доголдуулдаг вэ гэдэг асуулт ургана.
Толь наах болон хэт урт, цацагтай хөшиг татаж камерын үзэгдэх орчинг хязгаарлаж болохгүй талаар чиглэл, зөвлөмж өгдөг тухай жолооч нар хэлж байсан. Гэвч үйлчилгээнд явж буй том оврын автобусны ихэнх нь дээр дурдсан гоёл, чимэглэлтэй байдгийг зорчигчид андахгүй. Мөн олон улсын жишгээр нийтийн тээврийн хэрэгслээр карт ашиглан зорчдог болсон үеэс бэлэн мөнгөөр зорчих, жолооч бэлэн мөнгө авах зэрэг асуудал үүссээр ирсэн. Нэгдүгээрт, автобусны карт цэнэглэх цэг хүрэлцээгүйн улмаас яарч, сандарсан иргэд бэлэн мөнгө өгөх нь элбэг. Хоёрдугаарт, жолооч картаар зорчих шаардлага хангалттай тавьдаггүйн илрэл. Мөн хяналтын камерын үйл ажиллагаатай холбоотой нэг удаагийн зөрчилд 25 мянган төгрөгөөр торгодог байх юм.
Энэ бол автобусны ганц эргэлтээс л олох мөнгө шүү дээ. Тэгэхээр жолоочоос төхөөрөмж рүү чиглэсэн камерын үйл ажиллагаанд ойр ойрхон асуудал үүсээд буй нь бэлэн мөнгө халаасалж, цалингаас гадуур орлого бүрдүүлэх гэсэн оролдлого биш байгаа даа. Тиймээс автобусны хяналтын камерын хэвийн ажиллагааг “U money” картын цэнэглэх цэгийг нэмэгдүүлэх, бэлэн мөнгө хураах шилэн сав байршуулах байдлаар шийдвэл үр дүнтэй байж мэдэх юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn