Алтанбулаг, Сүхбаатар боомт ачаалал ихтэй байна
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжиж, өндөр эрсдэлтэй байна. Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 54 зорчигчтойгоор өчигдөр 22:30 цагт орж иржээ. Өчигдөр мөн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос 9 том хүн, хоёр хүүхэд нийт 11 монгол иргэнийг татан авч 19:10 цагт улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд хяналт тандалт хийж, Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүлээд байна. Түүнчлэн Алтанбулаг, Сүхбаатар боомтод нэмэлтээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын дөрвөн улсын байцаагчийг Улаанбаатар хотоос томилон өнөөдрөөс ажиллуулж эхлээд байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 80 монгол иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаагаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэний 13- ийн хариу сөрөг гарч, 3 хариу хүлээгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарсаар байна.