С.Энхболд: Вакцины I тун хийлгэснээс хойш 6052 хүн, II тун хийлгэсэн хүмүүсээс 80 нь халдвар авсан

372
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны хуралдаан боллоо. 
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 
"Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдал"-ын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийсэн.  
Манай улсад 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 32497 иргэн халдвар авч, үүнээс 54 хувь нь эдгэрээд байгаа бөгөөд клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 4427 иргэн байгаагаас, нийслэлд 3296, орон нутагт 1131 иргэн байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас суурь өвчин хавсарсан байдлаар нас барсан хүний тоо 8, халдварын улмаас нас барсан иргэний тоо 88, нийт 96-д хүрээд байна. Одоо 11 эмнэлэгт 80 иргэний биеийн байдал нэн хүнд эрчимт эмчилгээнд байна. Мөн европын орнуудаас ирсэн зургаан иргэнээс англи маягийн мутацлагдсан хэлбэрийн вирус илэрснийг баталгаажуулах шинжилгээний ажлууд гадаад, дотоодын лабораториудад хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 20 дугаар тогтоолоор Хүн амыг дархлаажуулалтад бэлтгэх, гадаад орноос вакцин авахад бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар арилжааны шугамаар Синофарм вакцин 2,8 сая тун 2021 оны  дөрөвдүгээр сард, Спутник 1 сая тунг тавдугаар сарын эхээр, КОВАКС  хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека вакцин 48 мянган тунг дөрөвдүгээр сард, АстраЗенека, Пфайзер 1 сая 172 мянган тун бүгд 5 сая тунг 2021 оныг дуустал тус тус татан авах ажил төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байна. 
Засгийн газраас БНЭУ,  БНХАУ, БНСУ, Белги, ОХУ-аас дөрвөн төрлийн 1,750,640 тун вакциныг татан авсан бөгөөд насанд хүрсэн нийт 2,067,292 хүн хамруулахаас I тунд 34,2, II тунд 11,6 хувийг хамруулаад байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын I тунд нийслэлд 557,386, орон нутагт 150,452 иргэн, II тунд нийслэлд 232,601 иргэн, орон нутагт 7370 иргэн тус тус хамрагдаж, улсын хэмжээнд вакцинжуулалтын I тунд нийт 707,838 иргэн, II тунд 239,971 иргэн хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртлэх хугацаанд нийт 250 баг, 120 цэг ажиллаж,  өдөрт дунджаар 60 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тавдугаар сарын 08-нд нийслэлийн хүн амыг вакцины I тунд,  зургадугаар сарын 04-нөөс өмнө II тунд хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэлдээ онцоллоо. 
Мөн тэрбээр, сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийг дайчлан ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 28 эмнэлгийн эрчимт эмчилгээний 80, энгийн эмчилгээний 660 ор, аймаг орон нутгийн 24 эмнэлгийн эрчимт эмчилгээний 168, энгийн 3151 ор сул байна. Коронавирусын халдвар авч биеийн байдал нь нэн хүндэрсэн иргэдийг эмчлэх зорилгоор сэхээн амьдруулах нарийн мэргэжлийн эмчилгээний 22 багийг ажиллуулж байна.  Болзошгүй үед ашиглах зорилготой  шаардлагатай эмчилгээний  байрыг бэлтгэж, дэлгэхээр 3 ээлжээр нийт 80 эмч, 180 эмнэлгийн мэргэжилтэн, 45 сувилагч, тусгай мэргэжлийн болон бусад алба хаагч ажиллах тооцоо гарган ажиллаж байна. Түүнчлэн АШУИС-ийн Монгол Японы эмнэлгийн оюутны байранд 450 ор дэлгэн, халдварын тохиолдлыг тусгаарлан эмчлэх нэгжийг хуваарилан, хөнгөн хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдийг шилжүүлэх, эхний ээлжинд резидент эмч нарыг байрлан ажиллуулахаар бэлтгэж байна. Мөн ШУТИС-ийн оюутны I байр, АШУИС-ийн оюутны II, III байр, Архангай аймгийн оюутны байр нийт 337 өрөөний 1830 орыг төлөвлөж, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, ажилчид, хамгаалалтад ажиллах албан хаагч нийт 844 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Цаашид хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх зориулалттай нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт хувийн хэвшлийн 52 эмнэлгийн 949, 23 сувилалын 1083, нийт 2229 орыг нэмэлтээр, нийслэлийн  зургаан дүүргийн 152 амралтын газрын 7940, 16 жуулчны баазын 1320 нийт 9260 орыг дайчлан гаргахаар ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд эдгээр байрыг нэмэлтээр ашиглах болно гэж байлаа. 
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  коронавируст халдварын шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5 тэрбум төгрөгийн эмийн, 16 нэр төрлийн  38,3 тэрбум төгрөгийн хувийн хамгаалал хэрэгслийн нөөцтэй байна. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат, үүнээс зөөврийн 137-г ашиглаж байгааг УОК-ын дарга мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийг шуурхай барих ажлыг зохион байгуулж, энэ долоо хоногт ашиглалтад хүлээн авч байна. 10 хоногийн хугацаанд барьсан энэ барилга ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлага хангагдаад зогсохгүй, бусад эмнэлгүүдэд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж байлаа. Мөн Эрүүл мэндийн яамаас дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 18 эрүүл мэндийн байгууллагад 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлөгч аппарат хуваарилан олгож, хүчилтөрөгчийн нөөцийн хангалт өнөөдрийн байдлаар 86,4 хувьтай байна. Есөн дүүрэгт хүчилтөрөгчийн шугам сүлжээг бий болгож, 21 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулгадаа дурдсан. 
Дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц, хангалт, нийлүүлэлтийн талаар  товч мэдээлэл хийв. 
Улсын онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Т.Доржханд, Д.Өнөрболор, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Х.Бапелхан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс коронавирусын халдварын мутацийн олон хэлбэр дэгдэж байгаа энэ үед вирусыг дотооддоо судлах, лаборатори байгуулах, дархлаажуулалтын тандалд судалгаа хийж байгаа эсэх, цаашлаад хүүхдүүдийг вакцинд хамруулахад баримталж байгаа бодлого, арга хэмжээг илүүтэй тодруулж байлаа. 
Бид вакцинжуулалт хамрагдсан хүмүүсийн судалгааг түүврийн аргаар хийж байгаа. Судалгааны хэд хэдэн багууд гарсан. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр  эрдэмтэн судлаачдын 14 судалгааны ажил хэлэлцэгдэж, одоогоор долоон ажил нь амжилттай хэрэгжээд явж байна.
Үүнд мутацийн хэлбэрүүдийг судлах, дархлаа тогтоцын талаар судалгаа хийж байна. Үр дүн эхнээсээ гарч байгаа, удахгүй танилцуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод вакцины I тун хийлгэснээс хойш 6052 хүн, II тун хийлгэсэн хүмүүсээс 80 нь халдвар авсан гэсэн бүртгэл судалгаа байна гэв.
Харин Шадар сайд С.Амарсайхан хариултдаа, хэрэв вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл, заавар зөвөлгөө гарвал бид хүүхэд, залуучуудаа вакцинд хамруулах судалгаа, бэлтгэл ажлыг орхигдуулалүй хийж байгаа. АНУ-ын пфайзер вакциныг 12 наснаас дээш хүүхдэд хийх зөвшөөрлийг авахаар хүсэлтээ тавьсан байгаа юм билээ. Мөн бусад орнуудад вакциныг хүүхдэд хийх судалгаануудаа үргэлжлүүлж байгаа ч хараахан эцэслэгдээгүй байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, вакцины нийлүүлэлт, хүрэлцээний тухайд төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй. Энэ талын шаардлагатай бүх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгснийг тодотгохын зэрэгцээ харамсалтай нь аж ахуйн нэгж, Засгийн газраас шалтгаалахгүйгээр дэлхий даяар вакцины олдоц, нийлүүлэлт хүнд байна. Гэсэн хэдий ч манай улс вакцинжуулалтын ажлаар дэлхийн 200 гаруй улсаас долоод явж байгааг хариултдаа онцлов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn