Хятад: Гэрлэхэд амархан, салахад хэцүү байхаар хуулиа шинэчлэнэ

157

Хятад улс гэр бүлд ээлтэй нийгмийг бүтээж, төрөлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлтын хүрээнд хуулиндаа шинэчлэлт оруулах гэж байна. Тодруулбал, Иргэний хэргийн яамнаас гаргасан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дагуу залуус гэр бүл зохиоход амар хялбар болж, эсрэгээрээ салахад төвөгтэй болох аж. Залуу хосууд гэрлэхдээ оршин суугаа газартаа бүртгүүлэх шаардлагагүй. Мөн яаран салах явдлыг таслан зогсоохын тулд 30 хоногийн эвлэрлийн хугацаа олгоно.
20 жил мөрдөгдсөн хуучин хуулийг шинэчлэх эсэх дээр есдүгээр сарын 11-нийг хүртэл иргэдээс санал авна.
Энэхүү өөрчлөлтийн тухай Хятадын цахим сүлжээнд ширүүн маргаж байна. "Weibo" платформ дээр шинэ хуультай холбоотой мэдэгдэл 500 сая гаруй хандалт авчээ. "Тэд танаар ямар нэг зүйл хийлгүүлмээр байвал тэр үйл явцыг хялбарчилж өгдөг. Гэсэн атлаа хэрвээ хийхгүй бол эцэс төгсгөлгүй дүрэм журам, дараалалд баригддаг", "Боловсролын асуудлыг зөв шийдээгүй цагт гэрлэлтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Гэр бүлийн хамгийн том зардал бол боловсрол, эрүүл мэнд" гэх мэтчилэн хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байна.
Хуулийн төсөл нь 40 жилийн турш үргэлжилсэн нэг хүүхдийн бодлогын үр дагаврыг арилгах оролдлогын үргэлжлэл. Өдгөө Хятад улс хүн ам зүйн ноцтой хямралд нэрвэгдээд буй.
Covid-19 цар тахлын дараа залуусын гэрлэлт богино хугацаанд өссөн. Гэвч энэ оны эхний хагаст 2013 оноос хойших хамгийн бага гэрлэлт бүртгэгджээ. Энэ хугацаанд 3.43 сая орчим хос гэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс хагас саяар буурсан үзүүлэлт аж.
Эх сурвалж: NBC NEWS
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn