Хугацаа нь дууссан хүнс аваад “ХОРДООГҮЙ Л БОЛ БОЛЛОО”...
Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүрэг “Наадам центр”-т байрлах “Номин” сүлжээ дэлгүүр хугацаа нь дууссан хиам борлуулж байжээ. Улмаар үйлчлүүлэгч тухайн салбарын зохион байгуулагчид гомдол гаргасан ч гомдлыг хүлээн аваагүй байна.
Хохирсон иргэн нь тухайн дэлгүүрээс 269 мянган төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийсэн бөгөөд 7526 төгрөгөөр “Мах маркет” нэрийн хиам авсан байжээ. Үйлчлүүлэгч тухайн бүтээгдэхүүнийг хугацаа дууссан гэдгийг гэртээ очсоныхоо дараа мэдсэн байна. Хүүхдүүдэд өгөхөөр хиамыг зүсэх үед иссэн байсан гэх ба бүтээгдэхүүнийг идэлгүй дэлгүүрт буцааж өгчээ.
Харин “Номин” дэлгүүрийн зүгээс хугацаа дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээр үргэлжлүүлэн худалдаалж байснаас гадна “Хиамыг идэж хордоогүй л бол бид нар хохирол барагдуулах үндэслэл байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна. Түүнчлэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг өчигдрийн ээлжний ажилтнууд татаж аваагүй байсан нь бидний хариуцах ажил биш гэжээ.
Ийнхүү улсдаа томоохонд тооцогдох хүнсний сүлжээ дэлгүүр хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж, бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа нь өнөөдөр манай улсын хүнсний эрүүл ахуйн байдал ямар хэмжээнд байгааг тодоор харуулж байна. Энэ асуудалд хүнс үйлдвэрлэгчээс гадна худалдан борлуулж буй байгууллага анхаарч, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээрээс татан авах нь тэдний хүлээсэн үүрэг боловч үйлчлүүлэгчдийг үл тоон “Хордоогүй бол боллоо” хэмээн хэлж суугаатай хэрхэвч эвлэрч болохгүй.
Өмнө нь ч олон удаа энэ мэт зөрчил гарч байсан ч тухайн үед торгуулийн арга хэмжээ авсан төдийхнөөр өнгөрөөсөөр өнөөдөр ийм байдалд хүрээд байгааг албаныхан анхааралдаа авах нь зүйтэй.
Эх сурвалж: Б.Гантуяа | Zindaa.mn