2026 онд ядуурлын түвшин 5 хувиар БУУРНА хэмээн тооцжээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2025.05.15) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад Улсын Их Хурлын 66 гишүүн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдаанд жилийн төлөвлөгөөний төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдуулжээ.