Зээлийн эргэн төлөлт хойшлуулалтын хэрэгжилт муу байна

393

Ц.МЯГМАРБАЯР
Цар тахалтай холбоотойгоор иргэдийн хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, энэ оны 11 дүгээр сарын 1-нээс  ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах Засгийн газрын болон Монголбанкны шийдвэр гарсан. Шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой арилжааны банкууд иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр ирэх оны нэгдүгээр сарын 30 хүртэл авах болно гэдгийг Төвбанк өмнөөс нь  мэдэгдээд байгаа. Манай улс нийтдээ 10 орчим арилжааны банктай.  Тэгвэл энэ шийдвэрийн дагуу одоогоор  Хаан, ХХБ, Төрийн банкууд цахим хуудсаар дамжуулан зээлдэгч нарынхаа хүсэлтийг авахаа мэдээлсэн байна. Мөн тусгай дугаарын 18001917, 19001977 утсанд хандаж болох аж.Түүнчлэн хөл хорио тавигдах үеэр харьяа банкны салбартаа очиж гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурж баталгаажуулна. Эс бөгөөс данснаас автоматаар мөнгө татах хэлбэр засагдахгүй гэдгийг ч хэлсэн. Тэгвэл бусад банкууд шийдвэрийн дагуу ямар арга хэмжээ авахаар болсон талаар мэдээлэл алга.  Арилжааны банкуудыг төлөөлөн Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Зээлийн хязгаарлалтад байгаа иргэд, аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлж болох талаар Монголын Банкны холбооны Удирдах зөвлөл тогтмол хуралдаж байгаа.Банк бүр үйл ажиллагааны хувьд адилгүй тул нэгдсэн шийдэл гаргахад хүндрэлтэй байна. Зарим нь иргэдэд үйлчилдэг бол зарим банк бизнесийн томоохон байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Энэ нөхцөл байдалд төр, засгийн дэмжлэгтэйгээр банкууд тодорхой сегментэд дэмжлэг үзүүлэх боломжтой” гэв. Харин  Монголбанкны ерөнхиийлөгч Б.Лхагвасүрэн “Бизнесийн болон хэрэглээний зээлийг арилжааны банк олгодог тул төв банк үүнд оролцох боломжгүй. Учир нь бизнесийн болон хэрэглээний зээлийн зээлдэгч, банк хоорондын гэрээгээр зохицуулагддаг” гэсэн юм. 
Засгийн газар шийдвэр гаргадаг, Монголбанк нь  хэрэгжүүлэх хүрээнд банкуудад чиглэл өгдөг ч энэ нь бодит амьдралд хэрэгжихдээ хангалтгүй байдаг хэмээн иргэд, аж ахуйн нэгж шүүмжилдэг. Иргэн Л.Баасандулам “Би  ХХБ-аас цалингийн зээлтэй байсан. Зургаан сараар зээлээ сунгуулах хүсэлт өгсөн ч гурван сараар л хойшлуулсан. Тэгээд ч зээлээ хэвийн төлөөд явж байгаа хүмүүс хамрагдахгүй юм билээ. Заавал доголдож байгаа нь үнэн гэсэн бичгийг албан газраасаа авчир гэсэн. Энэ удаагийнх мөн л орлого тасалдаж байгаагаа заавал нотлох шаардлагатай гэсэн байна. Гэтэл манай байгуулага цалингаа тавьж чадахгүй тасалдсан. Дахин гурван сараар сунгуулах гэтэл боломжгүй гэсэн. Хүндрэл их юм билээ” гэлээ. Тэгэхээр зээл нь доголдолгүй хэвийн байгаа зээлдэгчдэд энэ шийдвэр нөлөөлөхгүй.                  
Тэгэхээр Засгийн газрын шийдвэрийг банк бүр хэрэгжүүлэх албагүй нь харагдаж байна. Уг шийдвэрийг батлах чуулганы  үеэр Ерөнхий сайд хэлэхдээ “Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах  шийдвэрийг бүх банк хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Өмнөх шиг зарим нь хэрэгжүүлээд бусад нь гэдийх зүйл гаргахгүй байхыг хүсье” гэж байсан. Тэгвэл энэ удаад мөн л иргэдийг чирэгдүүлсэн арга хэмжээ болох магадлал өндөр байна. 
Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн зохицуулалтын хүрээнд 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Харин ипотекийн зээлийн төлбөрөө нийт 38.152 зээлдэгчид хамрагджээ. Хэрэглээний зээл болох цалин, тэтгэврийн зээлээс гадна автомашин, эд материалын лизинг, зээлийн карт, малчны зээлд  өнөөдрийн байдлаар нийт 125.206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн судалгаа байна. Энэ нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна. ББСБ-ууд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Өмнө нь нийт 155 мянган зээлдэгчийн гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулж шинэчилсэн хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн. Одоо  мөн зээл нь хэвийн бус ийм хэмжээний зээлдэгч байна гэлээ. 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn