ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Анд-Энерги” ХК байгальд ээлтэй, гэрэлтүүлэг сайтай лед гэрлийг хэрхэн хийдэг вэ

278

Монгол инженерийн ур ухаан, чадварыг дэлхийд үнэлүүлэх, эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар мэрийн ажиллаж буй “Анд-Энерги” ХК-ийн үйлдвэрлэдэг лед гэрлийг бид “Үйлдвэрлэгч” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.
Тэд импортын бүтээгдэхүүнийг орлохуйц чанартай, эрчим хүчинд хэмнэлттэй LED Е14, Е27 төрлийн чийдэн, LED Т8 төрлийн суурьтай, суурьгүй гэрэл, LED дэлгэцэн гэрэл, LED нүдэн гэрлүүд, гудамжны гэрэл, прожектор үйлдвэрлэл зэрэг бүхий л төрлийн гэрлийг үйлдвэрлэж, гадагшаа зарцуулагдаж буй төсвийн мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх, шилдэг мэргэжилтэнг бий болгохоор зорин ажиллаж буй.

  • Брэндийн нэр: “Анд-Энерги” брэнд
  • Үйлдвэрлэлийн чиглэл: Лед гэрэлтүүлгийн үйлдвэрлэл
  • Үүсгэн байгуулагч, удирдлага: Гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа, Т.Барс, Г.Түвшин, Д.Мөнхбаяр
  • Үүсгэн байгуулсан он: 2014 онд найзууд хамтран үйлдвэрлэлээ эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй
  • Сошиал холбоос: http://www.andenergy.mn/,
  • Фэйсбүүк хаяг: Andenergy

-ХӨРӨГЛӨЛ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН НАЙЗУУД, ЭРЧИМ ХҮЧИНД ХЭМНЭЛТТЭЙ ЛЕД ГЭРЛИЙГ ЭХ ОРОНДОО АНХЛАН НЭВТРҮҮЛСЭН НЬ-

“Анд-Энерги” ХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа нь Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төржээ. 2001 онд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийг Цахилгаан механик инженер мэргэжлээр төгссөн байна. 2002 онд Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажилд орж, 2015 хүртэл цахилгаанчнаас цахилгааны инженер, цахилгаан механик зэрэг албан тушаалыг амжилттай хашин ажиллажээ.
Ажиллах хугацаандаа гурван найзтайгаа хамтран лед гэрлийн үйлдвэрийг барьж байгуулсан нь амжилтад хүрчээ. Тэрбээр үүсгэн байгуулсан компанидаа Ерөнхий инженер, Гүйцэтгэх захирлын албыг давхар хашин ажиллаж байна. Найзууд хамтдаа хэцүү бэрхэд зүрхшээж, шантралгүй тэмцсээр өөрсдийн зорьсон бизнесээ хөгжүүлсээр явна. Тиймдээ ч нөхөрлөлөө бэлгэшээн, үүсгэн байгуулсан компаниа “Анд-Энерги” хэмээн нэрлэжээ.

-БЛИЦ ЯРИЛЦЛАГА: “АНД-ЭНЕРГИ” БРЭНДИЙН АЛСЫН ХАРАА-

Тус компани нь 2011 онд цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2014 оны 9-р сард LED гэрлийн үйлдвэрийг ашиглалтанд оруулсан нь Монголдоо анхдагч юм. Иймд бид “Анд-Энерги” ХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаатай үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүний онцлогийн тухай товч ярилцлаа.
-Таны ЖДҮ эрхэлж буйн гол зорилго юу вэ?
-Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байх хугацаанд, ажил гүйцэтгэж байгаа өрөөний гэрлийн чийдэн сар хүрэхгүй хугацаанд шатчихаад байсан. Ингээд тухайн үед гаднаас лед гэрэл захиалаад өрөөндөө хийхэд шатаагүй. Бүгд цахилгааны инженер мэргэжилтэй учир тухайн лед гэрлийг нь судлаад үзэхэд Монголдоо хийж болмоор санагдсан.
Ийнхүү жил орчим хугацаанд судалгааны ажлаа хийж, үйлдвэрлэлээ байгуулан ажилласаар 2017 оны арваннэгдүгээр сард ХК-иа байгуулж байсан. ЖДҮ эрхэлж буй гол зорилго нь гадагшаа зарцуулж буй мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх, Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, шилдэг мэргэжилтэнг бий болгох зорилготой.

-“Анд Энерги” брэндийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Бид анхнаасаа импортыг орлохуйц чанартай, эдэлгээ удаан бүтээгдэхүүнийг хийхээр өмнөө том зорилго тавьсан. Тиймдээ ч лед гэрэл хийхдээ чанартай, дээр нь тод асдаг, эдэлгээ даахуйц байхыг зорьж байна. Манайд ашиглаад шатсан лед гэрлээ авчирч өгөөд засуулах, солиулах боломжтой. Мөн байгальд ээлтэй, чанартай, гэрэлтүүлэг сайтай гэдгээрээ бусдаас онцлог.
-Бүтээгдэхүүнийхээ чанарыг ямар шалгуураар үнэлдэг вэ?
-Хэрэглэгчдээс ирж буй гомдол, саналыг байнга сонсож түүгээр бүтээгдэхүүнээ чанаржуулахыг зорьдог. Мэдээж бид анхнаасаа шууд л чанартай бүтээгдэхүүн хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд алдаа, онооноосоо суралцаж, яваа яваандаа чанаржаад, сайжраад явж байгаа.

-“Анд Энерги” өдөрт ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Манай үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол 6-7 тоног төхөөрөмжтэй. 36 ажилтантай. Өдөрт дунджаар 400-500 ширхэг гэрэл үйлдвэрлэх хүчин чадал, нөөцтэй.
-Бүтээгдэхүүнээ хаана борлуулдаг вэ?
-Одоогоор хоёр салбараар гэрлээ борлуулж байгаа. Улаанбаатарт “Мишээл” барилгын их дэлгүүр, харин Эрдэнэт хотод нэрийн дэлгүүртэй. Мөн шаардлагатай үед утсаар захиалга авч, 18 аймагт бүтээгдэхүүнээ борлуулдаг.
-Таны ажлын ноу-хау юу вэ?
-Үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрээр хүний нөөцөө нэмэгдүүлсэн. Одоогоор дөрвөн албанд 36 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний ажлын ноу хау чин сэтгэл, хүсэл эрмэлзэл юм.
-Ажилчдадаа ажил олгогчийн хувьд нийгмийн халамж талаас нь хэрхэн анхаардаг вэ?
-Ажилчид бүгд нийгмийн даатгалд хамрагддаг. Мөн урамшуулалт цалин олгох, ур чадварын сургалтад хамруулах зэргээр анхаарч ажилладаг. Ер нь цалингийн уян хатан бодлого баримталж, хувь хүн талаас нь хөгжүүлэх, ажилчдадаа аль болох тусламж дэмжлэг үзүүлэн ажиллахыг хичээдэг. Ажилчид өглөө 08.30-аас орой 17.30-д тардаг. Ажилчдын дундаж цалин 900,000 бөгөөд дээш 1,500,000 хүртэл цалинжиж байна.

-Үйлдвэрлэлээ тэлж, гадаадын зах зээлд өрсөлдөх хэтийн боломжоо хэрхэн харж байна вэ?
-Бид олон улсад өрсөлдөхүйц чанартай, дээр нь загварлаг, үнэ цэнэтэй брэнд бүтээхийг эрмэлзэж, зорилгоо том тавьсан. Тиймээс ч бүтээгдэхүүний чанарыг улам бүр сайжруулах цаашлаад гадаадын улс орнуудад экспортоор гаргаж нийлүүлэх зэргээр дэлхийн жишигт нийцүүлэхээр зорьж байгаа.
Ц.Гүррагчаа өөрийгөө хөгжүүлэх, шинэ арга барилд суралцаж, мэдлэгээ тэлэх зорилгоор цөөнгүй тооны манлайллын сургалтуудад хамрагдаж байжээ. Тэдгээр нь түүнийг илүү алсын хараатай, бас туршлагатайгаар компани удирдаж сурахад нь түлхэц болсон байна.

ХААН банкнаас зохион байгуулсан “Хөгжлийн хөтөлбөр” болон “Дэлхийн түвшний менежер” сургалтуудыг тэр онцолж байв. Тэрбээр “ХААН банкнаас авсан зээлээрээ эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрээ бий болгож чадсан. Орон нутгийн бренд бүтээгдэхүүн үүсгэн байгуулсан гэдэг утгаар 1,2 хувийн хүүтэй зээлийг өгсөн нь маш их дэмжлэг болсон. Мөн бизнесээ урт хугацаанд чадварлагаар удирдах боломжийг бий болгох зорилгоор менежерүүдэд зориулсан сургалтуудыг явуулж байгаа нь таалагдсан” гэв.ХААН банкны сургалтууд цаасан дээрх мэдээллийг өгөхөөс гадна практикт хэрэгжүүлэх тал дээр том тус, дэм болдог учир нүдийг минь нээж, юмсыг өөрөөр харахад тусалсан хэмээн тэрбээр сэтгэл хангалуун явдгаа уламжилсан юм.

https://eguur.mn/273817/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn